СЭЛЭНГЭ: Байгаль экологид ээлтэй, ухаалаг ХАА-н салбарыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-17 09:48:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф өчигдөр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийлээ. Тэрээр шинэ албан тушаалд томилогдон ажлаа аваад удаагүй байгаа аж.

Элчин сайдыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар хүлээн авч уулзан санал солилцлоо.


Хатагтай Катрин Ивкоф Сэлэнгэ аймагт айлчлахдаа Алтанбулаг суманд байрлах Хувьсгалын музей үзэж сонирхсон байна. Тэрбээр: “Энэ бүс нутагт болж өнгөрсөн, түүхэн чухал үйл явдлуудтай танилцах боломжийг музей надад олгохын зэрэгцээ бүс нутгийн соёл, үзэсгэлэнт байгаль гэх мэт их өргөн сэдвийн дор түүхтэй танилцах боломж өглөө. Үнэхээр сайхан, маш өндөр сэтгэгдэл төрүүлэм музей юм. Ингээд халуун дотноор хүлээж авсан та бүхэнд баярлалаа” гэв.


Мөн тэрбээр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс хийгээд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж байгаа зүйлийг сонирхлоо.    

Аймгийн дарга Н.Лхагвадорж: “Манай аймгийн үзэсгэлэнтэй сайхан байгалийн тухай та хэллээ. Аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлд зориулсан олон сайхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутаг манайд олон бий. Богино хугацаанд бас чамлахааргүй мэдээлэл олж авсан байна.

 

Манай аймгийн хувьд шинэ үеийн мэргэжилтнийг удирдах, үр дүнтэй баг бүрдүүлэх, карьер төлөвлөлт, менторын ур чадварыг хөгжүүлэх гэсэн эрхэм зорилго дор “Төрийн албан хаагчдын менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа” гэж аймгийн дарга танилцууллаа.

 

Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх төслүүд хэрэгжиж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа тодотгов. Тэрээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлийн дэмжлэгтэйгээр гурван жил дараалан туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хоёр жилд нь эмэгтэйчүүдийг тусгайлсан хөтөлбөрт хамруулж сургасан. Энэхүү хоёр жилийн хугацаатай улсын хэмжээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрт 197 төрийн албан хаагч эмэгтэйчүүд ментор, менти нар болж бэлтгэгдсэн. Үндэсний хэмжээнд бэлтгэгдэн гарсан эдгээр 197 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн 60 орчим нь орон нутгаас хамрагдаж, ментор, менти нар болсны нэг нь миний бие гэлээ.

Мөн тэрбээр “Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг Сэлэнгэ аймагт нүдний өвчлөлийг бууруулах урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн удирдагчаар нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсон ажиллаж байгаа” гэв.   

 

Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж элчин сайдад хандаж хамтран ажиллах асуудлаар хэдэн санал тавьсан. Тодрууулбал:

-Канад улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд жимс жимсгэний салбарт хамтран ажиллах.

-Мөн төрийн албан хаагчдыг туршлага судлуулах зорилгоор харилцан солилцох,

-Канадын их дээд сургуулиудад Сэлэнгэ аймгаас оюутан сурагчдыг суралцуулах,

-Ойн болон уул уурхайн салбарт хамтран ажиллахад туслалцаа үзүүлж, аль нэг хоттой холбоо тогтоож өгөхийг хүслээ.

Мөн аймгийн дарга элчин сайдад хандаж төрөөс гадна хувийн хэвшлүүдийг хооронд нь холбож өгөх талаар та нар минь бодолцоорой. Бид бизнесийн салбарынхантай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ онцолсон.  

 

Элчин сайд хариуд нь таны хүссэн асуудлуудын заримд нь шууд хариу өгөх боломжгүй учраас холбогдох хүмүүст дамжуулан уламжилж өгье. Манай Канад улс нь мод тариалах, худалдаалах, нөхөн сэргээх болон жимс жимсгэний үйлдвэрлэлээрээ маш их туршлагатай улс. 

Би та бүхэнд маш чухал мэдээ дуулгая. Өнөөдрийн байдлаар манай Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөрийнхөн шинэ хөтөлбөр боловсруулахад шаардлагатай судалгааны ажлыг хийж байна. Энэ хөтөлбөр бол Байгаль экологид ээлтэй, ухаалаг ХАА-н салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн.  

Бид Монгол Улсад зориулсан хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар судалгааны ажлаа эхлээд байна. Манай хоёр улсын хувьд ХАА-н чиглэлд ижил төстэй зүйлүүд их бий. Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлт нь манай хоёр орны хувьд нэлээд бэрхшээлийг авч ирж байгаа гэлээ.  

 

 

相关新闻