СЭЛЭНГЭ: Аймгийн дарга ахмадуудадаа хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-16 08:28:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга жил бүрийн сар шинийн баярын өмнө аймгийнхаа 85-аас дээш насны ахмадуудад гарын бэлгээ гардуулан өгч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

 

Эдгээр настан буурлуудын нэгэн төлөөлөл болсон Хүдэр сумын өндөр настан, 97 насны сүүдэр зооглож буй Б.Бат-Очир, Ерөө сумын харьяат 99 насны сүүдэр зооглож буй Б.Нансал гуай нарт аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн гарын бэлгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар гардуулан өглөө.


Хүдэр сумын өндөр настан, 97 настай Б.Бат-Очир гуайн тухайд залуу насандаа тээврийн жолооч хийж байсан бөгөөд холын аянд тээвэр хийх, будаа тариа тээвэрлэх их үйлсэд гар бие оролцож яваад өндөр насныхаа тэтгэвэрт суужээ. Өнөөдөр үр ач нараа тойруулан амгалан сайхан амьдарч байна.


Харин Ерөө сумын иргэн 99 настай буурай Б.Нанзад гуай нь ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж явжээ.  


Тэрээр өнөөдөр үр хүүхэд, ард олон, монгол түмэн минь эрүүл саруул, энх мэнд байгаасай гэж үргэлж залбирч суудаг хэмээн хуучиллаа. Мөн нас өндөр болохоор гэртээ хүн ирэхэд маш их баярладаг гэсэн юм.

Эдүгээ 99 настай Б.Нансал гуай уйдхаараа ном уншдаг гэв.  тэрээр 10 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 5 хүү, 5 охинтой гэнэ. Хүүхдүүдийнх нь хамгийн том нь 77, хамгийн бага нь 54 настай ажээ.


Азай буурлуудын үг яриа тод, оюун ухаан хурц, залуу халуун насныхаа жавхаатай, цогтой үеэ санагдуулам байлаа.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 85-101 настай ахмад настан 300 гаруй байдаг. Хамгийн өндөр буюу 101 настай буурай маань Сайхан суманд энх тунх амьдарч байна.

相关新闻