СЭЛЭНГЭ:Төрийн албан хаагчдын манлайллыг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-15 07:55:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын манлайллын ур чадварыг нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Энэ утгаараа төрийн албан хаагчдын манлайллыг бий болгоход гол зорилгоо чиглүүлж байгаа аж.  

 

Иймд шинэ үеийн мэргэжилтнийг удирдах, үр дүнтэй баг бүрдүүлэх, карьер төлөвлөлт, менторын ур чадварыг хөгжүүлэх гэсэн эрхэм зорилго дор “Төрийн албан хаагчдын менторшип” хөтөлбөрийг энэ оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.

 

Менторшип хөтөлбөр гэдэг нь амжилттай ажиллаж яваа хэн нэгэн хүн өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах. Цаашлаад мэдлэг, мэргэшил, ур чадвараа өвлүүлэх. Мөн туслах, харилцан суралцах, тэдний хүсэл зорилгыг нэмэгдүүлэхийг хэлж байгаа аж.

 

Анх Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан (ЭЗОС), Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан (ЛЭОС) зэрэг байгууллага НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлийн дэмжлэгтэйгээр гурван жил дараалан туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үүний хоёр жилд нь эмэгтэйчүүдийг тусгайлсан хөтөлбөрт хамруулж сургажээ.

Хоёр жилийн хугацаатай улсын хэмжээнд хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт 197 төрийн албан хаагч эмэгтэйчүүд ментор, менти нар болж бэлтгэгдэн гарсан байна.

 

Үндэсний хэмжээнд бэлтгэгдэн гарсан эдгээр 197 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн 60 орчим нь орон нутгаас хамрагдаж, ментор, менти нар болж байсан байна. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа юм.

 

Тэгвэл Сэлэнгэ аймаг үндэсний хэмжээнд манлайлж менторшип хөтөлбөр буюу “Төрийн албан хаагчдын манлайллын хөтөлбөр”-ийг аймагтаа хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын дэмжлэгтэй танхимын сургалтыг ийнхүү зохион байгуулсан байна.

 

Энэ сургалтад  аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд мөн сумдын ЗДТГ-ын дарга нар хамрагджээ.

 

Сургалтыг менторшип сургалтын удирдагч багш, доктор Г.Бүжидмаа, докторант, сургагч багш Ц.Алтанзагас, ЛЭОС-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн Д.Ариунжаргал багш нар удирдан явуулжээ.

 

 

相关新闻