ӨВӨРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарт тасралтгүй 48 жил ажиллаад "Улсын аварга малчин" боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Өвөрхангай аймгаас “Улсын аварга малчин” 9 төрсөн. Тэдний нэг нь Уянга сумын Таац багийн малчин М.Насанпил, түүний гэргий Г.Үүрийнтуяа нар юм. Мал аж ахуйн салбарт тасралтгүй 48 жил ажиллаж, 2019 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарч байсан малч, хөдөлмөрч гэр бүлд аваргынх нь шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гардуулан өглөө.
Гэр бүл, үр хүүхдэдээ “Аваргынх” хэмээх эрхэм хүндтэй алдрыг өвлүүлэн үлдээж буй М.Насанпил агсан сүүлийн гурван жилд мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлэхийн зэрэгцээ Архангай, Баянхонгорын сарлагийн бух, Хөвсгөлийн эрчмийн хар ухна, Баянгол омгийн хуцаар малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлсэн байна.
Мөн сүүлийн гурван жил дараалан шинээр айл гэр болсон залуус, мал багатай
ахмад настнуудыг бод малаар малжуулж, сумынхаа төсөвт байгууллагуудад хандив,
дэмжлэгийг удаа дараа өгч байжээ.
Сумынхаа Хамрын ам гэх газарт бэлчээрээ хашиж хамгаалан өнгөрөгч намар 7
гаруй тонн хадлан хурааж авснаар өвлийг өнтэй давж байна.