СЭЛЭНГЭ: Жэжү тусгай мужтай боловсролын салбарт хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-14 08:17:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг гадаад харилцаагаа эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд олон муж, улсуудтай ХАА, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд салбар бүрийн боловсон хүчин, ажилтан албан хаагчдаа сургаж мэргэшүүлэхэд чиглүүлжээ.


Тодруулбал, БНСУ-ын Үньпён дүүрэг, Жэжү тусгай муж, Дангжин хотуудтай харилцан хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.


БНСУ-ын Жэжү муж нь Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт онцгой хувь нэмэр оруулж байгаа. Тодруулбал, БНСУ-ын Жэжү мужаас аймгийн төв Сүхбаатар сумын 1, 2, 4, Шаамар, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулиудад тус бүр 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий иж бүрэн мэдээлэл технологийн сургалтын танхимыг байгуулж өгсөн юм.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга У Жон Жа, Олон улсын боловсролын хамтын ажилгааны хэлтсийн дарга Со Хи Сүн, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн И Сү Ми, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Кан Үнь Хи, “MSMorea” компанийн захирал Ким Мүн Сү нарын бүрэлдэхүүнтэй зочид Сэлэнгэ аймагт айлчилсан.


Цаашид Сэлэнгэ аймгийн зүгээс тус мужтай ХАА, газар тариалан, загас үржүүлэг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна.


Мөн Монгол Улсын Сэлэнгэ аймаг болон БНСУ-ын Дангжин хот хоорондын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, газар тариалан, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбар, чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, БНСУ-ын Дангжин хотод Сэлэнгэ аймгаас улирлын гэрээт ажилтан нийлүүлэх гэрээний төсөлд гарын үсэг зураад байгаа юм. 

相关新闻