Киприйн ерөнхийлөгчийн сонгуульд Гадаад хэргийн сайд асан Н.Христодулидис ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-02-13 09:12:29

НИКОСИА. /DW/. Бүгд Найрамдах Кипр Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Гадаад хэргийн сайд асан Никос Христодулидис дипломатч Андреас Мавруяннисыг цөөн саналын зөрүүгээр ялжээ.


Сонгуулийн албан ёсны дүн мэдээгээр, Н.Христодулидис 52 орчим хувийн санал авч тэргүүлсэн бол А.Мавруяннис 48.1 хувийн санал авсан байна. Санал авах байрууд орон нутгийн цагаар ням гаргийн 18:00 цагт хаагджээ. 


А.Мавруяннисыг коммунист “AKEL” нам дэмжиж байсан бол Н.Христодулидис эрх баригч консерватив “DISY” намаас гарч, төвч, барууны үзэлт олон жижиг намын дэмжлэгийг авсан байна.


DISY” намын нэр дэвшигч Авероф Неофиту өнгөрсөн долоо хоногт болсон эхний шатны санал хураалтад гуравдугаарт бичигдсэнээр тус нам Киприйн түүхэнд анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд оролцож чадаагүй юм. Эрх баригч нам сонгуулийн эцсийн шатанд өрсөлдсөн нэр дэвшигчдийн аль нэгийг дэмжсэн мэдэгдэл хийгээгүй байна.


Н.Христодулидис сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэний дараа түүнийг “DISY” намын эгнээнээс хассан бөгөөд сонгуульд бие даан нэр дэвшжээ. Тийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн эхний шатны санал хураалтад 32.04 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрбээр 2014 онд Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр, 2018 онд Гадаад хэргийн сайдаар томилогдож байжээ. 

相关新闻