Монгол, Туркийн аялал жуулчлалын форумыг зохион байгуулахаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-01-10 14:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан БНТУ-ын Засгийн газартай хамтран авто раллигаар дамжуулж байгаль орчин, соёл түүх, аялал жуулчлалыг сурталчлах ажлыг эхлүүлэхээр боллоо.


Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авах үеэр ярилцлаа. Уулзалтаар сайд Б.Бат-Эрдэнэ Турк улсын Соёл, аялал жуулчлалын сайд ноён Мехмет Нури Эрсойн Монгол Улсад хийсэн айлчлалыг зохион байгуулж, МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компани хоорондын аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулах ажилд дэмжлэг үзүүлсэнд Элчин сайдад талархал илэрхийллээ.


Дунай-Орхон авто ралли зохион байгуулж, Монгол, Туркийн аялал жуулчлалын хамтарсан форум болно.



Түүнчлэн Монгол-Туркийн аялал жуулчлалын форумыг энэ онд Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцож, 2023 оны Монгол Улсаар дайран өнгөрөх Зүүнээс баруун гэсэн найрамдал, энх тайвны авто раллиг (East West Friendship&Peace Rally) зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.


Дунай-Орхоны чиглэлд болох энэхүү раллиг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж, нийт 16 удаагийн раллид 9000 оролцогч оролцжээ. Дээрх үйл ажиллагааны зорилго нь тухайн дамжин өнгөрч буй улс орны соёл, түүх, аялал жуулчлалыг сурталчлахад оршдог байна.


Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран энэ оны 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг Элчин сайдад гардуулан өглөө. 

相关新闻