"Өөрчлөлтийг өрхөөсөө" эхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн Баянхонгор Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр-1 хамтран "Өөрчлөлтийг өрхөөсөө" аян өрнүүлжээ.
"Угалз" 4 болон "Цагаан чулуут" 5 дугаар багийн иргэд хамрагдах тус аяны хүрээнд эрүүл мэндийн зөв дадал хандлагыг сайжруулах, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай өрхийн тоог нэмэгдүүлэх ажлууд өрнөж байгаа аж.
Аяны нээлтээр Баянхонгор сумын Цагаанчулуут, Угалз багийн иргэдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж эхний гурван байрыг шалгаруулж медаль, ундны ус хадгалалтын шаардлага хангасан зөөврийн саваар шагнаж урамшуулжээ.
"Өөрчлөлтийг өрхөөсөө" аяныг ирэх сарыг дуустал үргэлжлэх бөгөөд мөн хугацаанд Цагаанчулуут, Угалз багийн айл өрхүүдийн ариун цэврийн байгууламжид үнэлгээ хийж, иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө хүргэх аж. Ингэснээр гарын доорх материал ашиглан стандартын нүхэн жорлон байгуулах чадвартай болох бол аяны хаалтын үеэр шилдгүүдийг шалгаруулж урамшуулах юм байна.
Б.Мөнхзул