“Toyota” компанийн үйлдвэрлэл өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-26 16:14:09

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанийн дэлхий даяарх үйлдвэрлэл 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар өсөж, үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн тоо 833 104-т хүрсэн нь 11 дүгээр сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Үйлдвэрлэл сүүлийн дөрвөн сар дараалан өссөн үзүүлэлттэй гарч байгааг “Toyota” цохон тэмдэглээд, “COVID-19” халдварын тархалтаас үүдэн автомашины эд ангийн нийлүүлэлтэд үүсээд байсан саатал тасалдал намжиж байна гэж мэдээлсэн байна. 


Өнгөрсөн сард хагас дамжуулагч хомсдолтой хэвээр байсантай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэлийн гарц 3.3 хувиар агшиж, 266 174-т хүрчээ. Харин хилийн чанад дахь үйлдвэрлэлийн гарц 3.8 хувиар өссөнөөр 566 930-д хүрсэн бөгөөд Хойд Америк дахь үйлдвэрлэл 5.9 хувиар өссөн байна.


Мөн “Toyota”-гийн дэлхий даяарх борлуулалт 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар /796 484/ өсжээ. Ингэснээр сүүлийн дөрвөн сар дараалан өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, хилийн чанадад борлуулалт 4.4 хувиар, Хойд Америкт 11 хувиар өсжээ. Харин Хятад дахь борлуулалт 18.4 хувиар буурчээ.


Өнгөрсөн сард “Toyota” хагас дамжуулагч хомсдолтой байгааг харгалзан ирэх гуравдугаар сард дуусах 2022 оны санхүүгийн жилд үйлдвэрлэх тээврийн хэрэгслийн тоогоо 9.7 саяас 9.2 саяд хүргэж бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. 11 дүгээр сард Япон дахь найман үйлдвэрийн 11 үйлдвэрлэлийн шугамын үйл ажиллагааг хагас дамжуулагчийн хомсдолын улмаас түр зогсоожээ. 

相关新闻