ӨВӨРХАНГАЙ: Уурын зуухнуудын ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчил их илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-20 16:07:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зарим орон сууц, албан байгууллагын халаалт муу байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын уурын зуухны ажиллагаанд үзлэг шалгалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.


Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, ОБГ, МХГ, БОАЖГ, ГХБХБГ, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Дулаан үйлдвэрлэгчдийн холбооноос Ажлын баг томилон "Арвай-Илч" ХХК, "Өв-Илч" ХХК, "Хангамж-Өргөө" ХХК, "Газрын-Улаач" ХХК, Арвайпалас ХХК, "Мөнхбосго" ХХК-иуд болон ЗХ-ний 256 дугаар ангийн уурын зуухнууд, 15 орон сууцны халаалтын шугам сүлжээний төлөв байдалд 12 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд шалгалт хийлээ.


Шалгалтаар зарим байрны коллекторын хог шүүгчүүд битүүрсэн, вентилээр ус алдсан, дулаан өгөх узелийн өрөөнд өгөх, буцах усны хэм 69/63 байхад айлуудын халаалтын шугам 42/28 хэмтэй, халаалтын босоо шугам нарийхан, хаалга, цонх, хана, таазнаас дулаан алдсан гэх зэрэг зөрчлүүд илэрлээ.


Аймгийн Засаг даргаас эдгээр зөрчлүүдийг богино хугацаанд арилгаж, ес эхлэхээс өмнө оршин суугчдын тав тухтай байдлыг хангах үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнд өглөө. Мөн төв суурин газрын өвөлжилтийн аюулгүй байдалд хяналт тавих хариуцлагатай жижүүрээр ажиллаж буй байгууллагын дарга нарыг өөрсдийн биеэр эргүүл, шалгалт хийж, ажилдаа хариуцлагатай хандахыг үүрэг болгоод байна. 

相关新闻