“Хөгжил өөд” хөтөлбөрт энэ оны зээлдэгч нар хамрагдахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-19 09:12:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “BEST” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг ЖДҮ-ийн бизнесийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд “Хөгжил өөд” гэсэн хөтөлбөр эхэллээ. Уг хөтөлбөрийн нээлт ХХААХҮЯ-нд болж, энд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2022 онд зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахаар боллоо



Тодруулбал, “Жишиг ЖДҮ-ийн бизнесийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд өнгөрсөн жил ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан 60 гаруй ААН-ийг сонгон авч компанийн засаглал, үйлдвэрлэлийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага зэрэг 5 дэд сэдвийн хүрээнд чадавхжуулж, төгсгөөд байгаа юм.




ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг хөтөлбөрийг нээж хэлэхдээ, “Төр, засгаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарт зөвхөн зээл олгоод зогсохгүй, тэднийг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангах, хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр борлуулалтыг дэмжих нь нэн чухал байгаа”-г онцоллоо. “Хөгжил өөд" хөтөлбөрөөр дээрх ажлыг хийж хэрэгжүүлэх юм. 


Хөтөлбөрийн нээлтэд 2022 онд сангаас зээл авсан Улаанбаатар хот болон 12 аймгийн төлөөлөл оролцлоо. Тэд бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын давуу тал, үр өгөөж, туршлагаасаа хуваалцан санал солилцлоо. Мөн бараа бүтээгдэхүүний дээж танилцуулах үзэсгэлэн, худалдаа зохион байгуулав

相关新闻