Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор санал хураалтыг явуулж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийсний дараагаар УИХ-ын даргын зүгээс Хууль зүйн байнгын хороо хуралдах чиглэлийг өгсөн. Тус хороо өчигдөр хуралдаж, уг хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг мөн оройдоо хуралдаж, зарчмын асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан тул байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг үл харгалзан хэлэлцэж буй.
Хуульд орж буй нэмэлт өөрчлөлтүүд:
· Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
· Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
· Эрүүгийн хуулийн XX бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
· Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгажээ.