АНУ дахь Монголын Худалдааны төвөөр өнгөрсөн сарын байдлаар 290 мянган ам.долларын бараа борлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспорт Монгол-2022” форум, экспортлогчдын үзэсгэлэн “Блью Скай” зочид буудалд өнөөдөр болж байна.
“Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе”
уриан дор болж буй үйл ажиллагааг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, мөн нийслэлийн ЖДҮ
үйлчилгээг дэмжих төв, Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Монгол-Германы бизнес эрхлэгчдийн холбоо, “Хөгжлийн
шийдэл” ТББ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
Экспортлогчдын форум, үзэсгэлэнг
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж, цар тахлын дараа,
Засгийн газраас зарлаад буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улс орны экспортыг сэргээн хөгжүүлэх, энэ
талын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих
зорилгоор өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж буйг хэллээ.
Тэрбээр, олон улсын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэнд эдийн засгаа хямралд өртүүлэхгүйгээр сэргээх зорилтыг биелүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоо, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй байгааг онцоллоо.
АНУ дахь Монголын Худалдааны төвөөр 290 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн борлуулжээ.
“Экспорт Монгол-2022” форумын талаар зохион байгуулагчдын нэг “Экспорт-Олон улсын худалдааны төв” байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Оюунбилэгээс тодрууллаа. Тэрбээр, манай улсын үйлдвэрлэгчдийн хүчин чадал нэмэгдэж, нөөц боломж бий ч сүүлийн жилүүдэд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгааг хэллээ.
Дэлхийн банкны өрсөлдөх чадварын судалгаагаар манай улсын экспортын бүтцийг авч үзвэл уул уурхайн салбар 93 хувь байхад нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн экспорт 2-хон хувийг эзэлж буйг тэрбээр тодотгов. Энэ нь манай улс экспортоо төрөлжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг харуулж байна.
“Экспорт-Олон улсын худалдааны төв” байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг төр, засгаас
бодлого, эрх зүйн хувьд хангалттай ярьж, ЭЗХЯ-нд макро түвшинд анхаарч буй
боловч яг бодит амьдралд хэрэгжүүлэх субьект дутагдаж, үгүйлэгдэж ирлээ гээд,
энд манай улс Гадаад худалдааны хуульгүй, яамгүй байгаа жишээг хэлж байна.
Экспортыг төрөлжүүлэх шаардлагатайг “Экспорт Монгол-2022” форумаар хөндөж байна.
Тэрбээр, манай улсын гадаад худалдаа, экспортыг сэргээж өргөжүүлэхэд өнөөдөр хил, гааль, тээвэр, логистикийн асуудал гэхээсээ илүү гадаад зах зээл дээр маркетинг, брэндинг хийх, сурталчлан таниулах, кластер системээр нэгдсэн байдлаар худалдаагаа тэлэх дэмжлэг хэрэгтэй байна гэв. Жишээ нь, Монгол Улс олон улсын зах зээлд ноолууран бүтээгдэхүүнээ өндөр өртөг шингээн борлуулах боломжтой. Энд ногдож буй тээвэр-логистикийн зардал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ 1-2 хувьд хүрэхгүй өртгийг бий болгож буй жишээг дурдаж байна.
“Экспорт-Олон улсын худалдааны төв” нь “Экспорт Монгол” форум, үзэсгэлэнг эх орондоо болон хилийн чанадад 2019 оноос хойш зохион байгуулж, шууд болон цахим худалдааны суваг нээн ажиллуулж байна. Тодруулбал, АНУ, Канад, Япон зэрэг улсад Монголын Худалдааны төв нээн экспортлогч нараа дэмжиж, үндэсний 15 брэндийг сурталчлан, 20 гаруй ААН-ийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж байна. АНУ-ын зах зээлд 290 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг худалджээ. Тус улсын 300 сая хэрэглэгчтэй, 2.9 их наяд ам.долларын зах зээлд манай улс 40-60 сая ам.долларын экспорт хийх өргөн боломжтой байгаа аж.