Асадыг дэмжихээ зогсоохыг ОХУ-д АНУ уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Kyodo/. Сирийн Засгийн газрын хүчнийнхэн хорт хлорын хийн халдлага үйлдэн энгийн номхон олон иргэний аминд хүрснийг тогтоосон гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдсэнтэй холбогдуулан Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрыг дэмжихээ зогсоохыг ОХУ-аас АНУ хүслээ.
НҮБ мэдэгдэхдээ, “Асадын Засгийн газар өнгөрсөн онд болон 2014 онд хлорын хийг зэвсэг болгон ашиглаж байсныг манай судлаачид олж тогтоосон” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жош Эрнест пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “хлорын хий ашигласан нь гэмгүй иргэдийн эсрэг Асадын дэглэмийн үйлдсэн ээлжит харгис хүчирхийлэл юм” гээд “Асадыг огцрохыг АНУ дахин шаардаж байна” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Сирийн нөхцөл байдлыг улам дордуулж байгаа Асадын дэглэмийг дэмжиж, өөгшүүлэхээ ОХУ зогсоох хэрэгтэй” гэсэн байна.
Сирийн дотоод хямралыг шийдвэрлэхийн тулд улс төрийн шилжилт хийх ажлыг хурдасгахад ОХУ нөлөөгөө ашиглах хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.
Г.Доржханд