ХӨВСГӨЛ: Он гарсаар 39 хүн чихрийн шижин өвчнөөр оношлогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх" дэлхийн өдрийг "Эрүүл мэндийн боловсрол ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ" уриан дор өнөөдөр тэмдэглэж байна.
Чихрийн шижин нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг өвчин юм. Дэлхийн
Эрүүл мэндийн байгууллагаас Хөвсгөл аймагт 2019 онд хийсэн судалгаагаар нийт
хүн амын 8,3 хувь буюу 18-аас дээш насны 7000 гаруй иргэн чихрийн шижин
өвчинтэй байх магадлалтай гэж үзжээ.
Өнгөрсөн
жилээс эхэлсэн халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт
илрүүлэг үзлэгт тус аймгийн хэмжээнд 50 мянга гаруй иргэн хамрагдана. Өнөөдрийн
байдлаар 17500 хүн хамрагдаж 457 хүн
эрсдэлтэй гэж гарсан бол он гарсаар 35-аас дээш насны иргэдээс 39 тохиолдол
батлагджээ. Таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрын гол эрсдэлт
хүчин зүйлийн нэг учраас иргэдийг тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэйг
Хөвсгөл аймгийн ЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн
Б.Мөнх-Эрдэнэ зөвлөлөө.