ӨВӨРХАНГАЙ: С.АМГАЛАН: Сумын төвийг цэвэр, бохир, дулааны шугаманд холбох ажил эхэлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Засаг дарга С.Амгалантай цаг үеийн ажлын талаар ярилцлаа.
Бат-Өлзий суманд мал аж ахуйн
салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
Манай суманд зуншлага сайхан
байсан, одоо намаржаа тавлаг байна. Өвөлдөө өнөтэй орох байх гэж бодож байгаа. Сумын
хэмжээнд 1435 малчин өрх, 160 малтай өрхөд 264782 толгой мал тоолуулж, 100828
төл хүлээж авсан. Одоогоор 365610 толгой мал намаржиж байна. Хадлан тэжээлээ
бэлтгэх ажлыг дор бүрнээ анхаарч, сумын аюулгүйн нөөцөд 80 тонн өвс, 40 тонн
хужир шүү нөөцлөсөн. Малчдын түвшинд 2420 тонн өвс, 806 тн гар тэжээл, 1615
хужир шүү бэлтгээд байна.
Төгрөг сумаас болон Завхан аймгийн Алдархаан сумаас хоёр малчин өрх манай суманд өвөлжиж хаваржихаар оторлож ирсэн. Манайхаас 634 толгой мал бүхий 6 малчин өрх Архангай аймгийн Цэнхэр сум руу отроор яваад байна.
Энэ жил суманд томоохон бүтээн
байгуулалтууд өрнөж байгаа юм байна. Зарим онцлог ажлуудаас дурдахгүй юу?
Улсын төсвийн зургаан тэрбум
гаруй төгрөгийн өртгөөр “Сумын хөгжил – Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл
хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд 3500 метр урт бохирын шугам, 3900 метр урт
цэвэр усны шугам, 1300 гаруй метр урттай дулааны шугам тавьж, байгууллагууд,
айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох юм.
Одоогоор 100 гаруй кольцо, 200-аад метр газарт бохирын шугам тавьж, гурван худаг гаргасан байна. Энэ төсөл хэрэгжсэнээр сумандаа сайхан амьдрах, сум орон нутгаа хөгжүүлэх илүү олон боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Мөн Хужирт, Бат-Өлзий сумдыг холбосон 49 км асфальтан замын ажил хийгдэж байна. Тус суманд таван томоохон бетон гүүрийг барьсан, ажлын туршлагатай “Мотор сервис” ХХК болон “Өндөрсант Хайрхан” ХХК ажлыг эрчимтэй гүйцэтгэж байгаа. Санхүүжилт гацахгүй бол ирэх онд шинэ замтай болно. Үүний үр дүнд Бат-Өлзий сум руу ирэх аялагч жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж бодож байна.
Ирэх оны 6 сард ашиглалтад орох 440 хүүхдийн сургууль, энэ ондоо багтан ашиглалтад орох 150 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой эмнэлгийн барилга баригдаж байна.
Сумын ногоон байгууламж, ой
модыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
Бат-Өлзий сум сум маань нийт
242,8 га газар нутагтайгаас 40 орчим хувийг ой мод эзэлдэг, үзэсгэлэнтэй
байгаль бүхий сайхан нутаг. Харамсалтай нь, энэ жил мод хорхойд идэгдэх үзэгдэл
их байлаа. Аймаг, сумын төсвийн хөрөнгөөр Бат-Өлзий сумын 1800 га талбайд модны хортон
шавжтай тэмцсэн. Ирэх жил ойн хортны хоёр дахь давалгаа эхэлж, сумын ойн сан
бүхий 30 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүснэ гэх мэдээтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон аймгийн ИТХ-аас зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг бууруулах зорилтот жил”-ийн хүрээнд манай сум 60 гаруй мянган мод тарьсан. Таван га газарт мод үржүүлгийн газар байгуулсан. Мөн ойн инженер мэргэжилтэй, мод бут тарих туршлагатай аж ахуйн нэгж, иргэдэд сумын ИТХ-аар батлуулан газар олгосны дагуу мод үржүүлгийн ажлыг зохион байгуулж байна. Нийт тарьсан мод, бутны амьдралт 90-ээс дээш хувьтай байгаа.
Бат-Өлзий бол аялал жуулчлалын
гол бүс нутаг. Энэ зун жуулчид хэр их байв?
Ковидын цар тахлын дараах
хөдөлгөөн нээгдсэн цаг үе учраас гадаад, дотоодын жуулчид их байсан. Аялагч
жуулчид олноор ирэх нь өрхийн орлогод сайнаар нөлөөлдөг ч нөгөө талдаа байгаль
орчин, гол ус бохирдуулах сөрөг нөлөө ч бий. Тийм учраас энэ зун Байгаль орчны
улсын байцаагч, байгаль хамгаалагчид маань хог хаягдал үүсэх, гол ус бохирдуулахаас
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, идэвх зүтгэлтэй ажилласан учраас
харьцангүй асуудал бага байлаа.
Мөн жуулчдад зориулж, гэр отог, морин болон мотоциклин хөтчүүдийг ажиллуулах гурвалсан гэрээг тухайн иргэд, Тусгай хамгаалалттай газар, сумаас байгуулж, зохих зааварчилгааг өгч ажилласан.
Сумын хөгжилд иргэдийнхээ
хүчийг ашиглах, идэвх оролцоог өрнүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажилладаг вэ?
Манай сум зургаан багтай. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан санал санаачилгад тулгуурлаж, бүтээн байгуулалтын олон ажлыг иргэдийнхээ хүчээр хийж байна. Тухайлбал, аялал жуулчлалын гол зам болох “Хамрын –Амны гарам”-ыг гүүртэй болгосон. “Бөхөн шар” гээд иргэдийн олноор зорчдог хэсэгт 4 км замыг тэгшилж заслаа. Могойтын рашаан руу явах зам үер усанд эвдэрч, зорчигчдод ихээхэн бэрхшээл үүсгэдэг байсныг мөн зассан. Энэ бүгдэд төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулаагүй, иргэдийнхээ хүч хөдөлмөрөөр хийсэн ажил юм.
Мөн иргэдийн санал хүсэлтийн
дагуу худаг ус гаргах, хашаа барих гэхчлэн хийгдсэн ажлууд зөндөө бий. Манай
суманд малын гоц халдварт өвчлөл гарсантай холбогдуулан мал тарих, угаалгад
хамруулах хашаа шаардлагатай байсан. Тиймээс ОНХС-ийн хөрөнгөөр нэг багт 5-8
хашаа барьсан. 4 дүгээр багт халуун усны газар байгуулсан. Өвсны фонд барьсан.
“Зах зээл, бэлчээрийн
удирдлага” төслөөс болон сумын төсвөөс хөрөнгө гарган 50 тонн багтаамжтай
зоорьтой болсон. Малынхаа ногоон тэжээлийг өөрсдөө тарих зорилт дэвшүүлж,
малчин өрхүүддээ 5.4 тонн ногоон тэжээлийн үр худалдан авч өгснөөр бүгд
өвөлжөө, хаваржаандаа ногоон тэжээл тарьж хэрэгцээгээ хангаж байна.
Ирэх хавар айл өрх бүр
хашаандаа төмс, хүнсний ногоогоо тарьж, өрхийнхөө хэрэгцээг худалдан авалтаар
биш, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хангах уриалгыг нийт иргэддээ дэвшүүлээд байгаа.
Баярлалаа, таны ажилд амжилт
хүсье.