БАЯН-ӨЛГИЙ: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Өлгий хотод боллоо.
Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулав.
Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөв.
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт 2022-2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тус төлөвлөгөөнд нийт 34 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан ба 11 нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 7 нь газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын, 8 нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн, 8 нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр хэрэгжинэ гэдгийг тэрээр онцлов.
Эдгээр ажлуудыг хүнс, хөдөө аж ахуйн
салбарт хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан боловсруулсан тул удахгүй
аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулан батлуулах аж.
Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг авлаа.