ГОВЬ-АЛТАЙ: Заган ой бүхий сумдад ой зохион байгуулалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-26 15:14:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн заган ой бүхий ойн санд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийж байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумын 1 664 768 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийж байна.

Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөнийг есдүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалаллтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ.

Ой зохион байгуулалтын судалгаагаар Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий 1 664 768 га талбайн 5548 цэгт, 22192 багц дээж талбайг байгуулж, эх мэдээг цуглуулан дүн шинжилгээ хийж, заган ойн сангийн тархац, нөөцийг тогтоож өөрчлөлтийг тодорхойлон, холбогдох тайлан, тархалтын зургийг боловсруулан гаргах аж. 

Говь-Алтай аймгийн заган ойн санд хийж буй ой зохион байгуулалтын ажлыг ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хариуцан гүйцэтгэж буй юм. Тухайлбал, Тонхил, Бугат, Шарга, Төгрөг, Цээл, Халиун Бигэр суманд “Залуу төгөл” ХХК, Эрдэнэ суманд “Гранд форест” ХХК, Алтай, Цогт суманд “Аглаг ой” ХХК, Цогт сум Баянтоорой тосгонд “Хатант форест” ХХК, Эрдэнэ, Цогт суманд “Мөнх ногоон жодоо” ХХК тус тус хээрийн хайгуул судалгааны ажлыг есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн байна. 

Энэхүү ажлын үргэлжлэх хугацаа 45 хоног байхаар төлөвлөн ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ.


相关新闻