ЗАВХАН: Ахлах ангийн суралцагчид сонгуулийн ач холбогдлын талаарх ойлголтоо нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-20 15:58:45

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хариуцлагатай сонгогч нэртэй сургалтыг ахлах ангийн суралцагчдад зориулан хийжээ.

Энэ сургалтыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд 21 аймагт зохион байгуулж буй юм. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос “Хариуцлагатай сонгогч” нэртэй сургалтын нэгдүгээр ээлжийг Улиастайд зохион байгуулсан.

Сургалтад Улиастай сумын зургаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 25 суралцагч оролцлоо. Хүүхдүүд энэ сургалтаас сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн ач холбогдлыг талаарх ойлголтоо нэмж, сонгуулийн үйл явц, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээг хэрхэн хийх талаар сурч мэдлээ.

Мөн сонгуулийн хууль бус сурталчилгааг хэрхэн ялгаж таних, автахгүй байх чадварт сурсан байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүд, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавих зэрэг сэдвээр багаар ажиллаж, сургагч багш нартайгаа харилцан ярилцаж мэдлэг олж авлаа.

Сургалтын чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан сургагч багш, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн У.Батзаяа, ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Э.Дэчинсодном нар ажилласан. Ерөнхий боловсролын суралцагчдад сонгуулийн талаарх, сонгогчийн талаарх мэдлэг ойлголт өгөх сургалт өмнө нь болж байгаагүй. Хүүхдүүд сонгуулийн талаарх ойлголтыг эцэг эх, багш, цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсож байсан. Дээрх сургалт шиг цогц ойлголтыг нэг дор авсан үр дүнтэй сургалтыг илүү олон хүүхдүүд таньж мэдээсэй гэж хүсэж буйгаа сургалтын үеэр онцолж байсан юм. Тиймээс цаашид хариуцлагатай сонгогч сургалтыг аймгийн 24 суманд явуулна гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв. 

相关新闻