ГОВЬ-АЛТАЙ: Он гарсаар 760 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-19 09:50:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 760 эх амаржиж, 761 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 218 тохиолдлоор буурсан байна. 

Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 96.3 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 421 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 143 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 57.5 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 724 эмэгтэй хамрагдсан ба 87,8 хувь нь эхний гурван сартайд, 10.8 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлэв.

Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 5,7 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ. Тус аймгийн хэмжээнд 761 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 222 хүүхдээр буюу 22,6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 422 буюу 55,5 хувь нь хүү, 339 буюу 44,5 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас нэмж дуулгав.


相关新闻