Туркэд хуримын үдэшлэгийн үеэр дэлбэрэлт болсны улмаас олон хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-21 13:16:51

АНКАРА. /ANADOLU/. Сирийн хилийн ойролцоох Туркийн зүүн өмнөд нутгийн хотод гадаа хуримын үдэшлэг болж байхад дэлбэрэлт болсны улмаас хэдэн арван хүн амь үрэгдэж, шархадлаа.

Албаны хүмүүсийн хэлснээр, тус улсын Газиантеп хотод үндэстний цөөнх курдүүд голдуу амьдардаг бүсэд орон нутгийн цагаар бямба гарагийн оройн 11:00 цагийн үед дэлбэрэлт болсны улмаас 30 хүн амь үрэгдэж, 94 хүн шархадсан байна.

Дэлбэрэлтийг чухам хэн, ямар бүлэглэлийнхэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа боловч Туркийн аюулаас хамгаалах хүчний албаны хүмүүс үүнийг “уг хуримыг онилсон амиа золиослогчийн дэлбэрэлт” гэж үзэж байна.

Туркэд өнгөрсөн оноос хойш хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл болон Курдын босогчид удаа дараа халдлага, дэлбэрэлт үйлдсээр байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард тус улсын хамгийн том хот болох Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд амиа золиослогчид дэлбэрэлт үйлдсэний улмаас 45 хүн амь үрэгдсэн юм.

Өчигдөр халдлага болсон бүсэд албаны хүмүүс аюулгүй байдлыг чангатгажээ.

Г.Доржханд

相关新闻