К.Фүмиогийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-10 14:26:48

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 35.0 хувьд хүрч унасан нь өнгөрсөн онд эмхлэн байгуулагдсанаас нь хойших хамгийн сул үзүүлэлт болсныг “Kyodo” агентлагийн санал асуулгын дүн харуулжээ. Олон нийт үнийн өсөлт, эрх баригч нам болон “Эв нэгдлийн сүм”-ийн холбоо хамааралтай холбоотой асуудлуудад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа юм.


Наймдугаар сард 54.1 хувьтай байсан дэмжигчдийн түвшин есдүгээр сард 40.2 хувьд хүрч буурсан нь К.Фүмио өнгөрсөн сард болсон Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолтой холбоотойгоор үүссэн олон нийтийн ундууцлыг намжааж чадаагүйн дохио болж байна.


А.Шинзо долоодугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан бөгөөд уг хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд сүмтэй холбоотой гэх үндэслэлээр түүнд өш санаж байснаа мэдүүлжээ.


Санал асуулгад оролцогчдын 48.3 хувь нь Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж, улмаар хоёр сар дараалан дэмжигчдийн түвшнийг давсан байна. К.Фүмио өнгөрсөн оны 10 дугаар сард албан тушаалдаа орсон юм.


Хууль тогтоогчид, “Эв нэгдлийн сүм”-ийн холбоо хамаарлын талаарх мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн эрх баригч Либерал Ардчилсан намд /ЛАН/ итгэх итгэл буураад байгаа энэ үед санал асуулгыг бямба, ням гарагт утсаар явуулсан байна. Санал асуулгын дүнгээс үзэхэд, нийт оролцогчдын 83.2 хувь нь намын ийм холбоо хамаарлыг зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Сөрөг хүчний намуудын хувьд Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ямагива Дайширог албан тушаалаас нь огцруулахыг К.Фүмиод хандан уриалж байна. Я.Дайширо нь шашны бүлэгтэй холбоотой харилцааныхаа талаарх ташаа тайлбарыг удаа дараа өгчээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 62.7 хувь нь Я.Дайширог сайдын албанаас нь огцруулах хэрэгтэй гэж үзсэн байна.


Тус шашны байгууллагыг 1954 онд БНСУ-д коммунистуудыг тууштай эсэргүүцэгчид байгуулжээ. Сүүлийн үед ЛАН-ын хууль тогтоогчид тус бүлэгтэй холбоотой болох нь илчлэгдсэн нь улс төрийн нөлөө үзүүлэхийг оролдсон байж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлсэн байна.


Ийнхүү дуулианд өртөөд байгаа эрх баригч намын хууль тогтоогчдын дунд парламентын доод танхимын дарга Хосода Хироюки багтаж байна. Төлөөлөгчдийн танхимын даргын албыг хашихаасаа өмнө ЛАН-ын хамгийн том фракцыг тэргүүлж байсан тэрбээр тус байгууллагын хэд хэдэн уулзалтад оролцож байснаа хүлээн зөвшөөрчээ.


А.Шинзог үдэх оршуулгын ёслолын тухайд, санал асуулгад оролцогчдын 61.9 хувь нь есдүгээр сарын 27-нд болсон ёслолыг сайшаахгүй байгаагаа илэрхийлсэн бол 36.9 хувь нь талархаж байгаагаа уламжилсан байна.


К.Фүмиогийн хувьд Японы түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан түүнд хүндэтгэл үзүүлэх зорилготой хэмээн гаргасан шийдвэрээ зөвтгөсөн бол олон нийт оршуулгын зардалтай холбоотой асуудлаар санал хуваагджээ.


Үүнээс гадна санал асуулгад оролцогчдын 78.8 хувь нь хүнс, өдөр тутмын хэрэгцээт бараа, хэрэглээний зардал зэргийн үнийн өсөлт аж амьдралд нь нөлөөлж байгааг мэдэрч байгаагаа илэрхийлжээ. Энэ нь инфляцыг тогтоон барихын тулд К.Фүмиогийн засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлогын хариу арга хэмжээ хангалтгүй байгааг харуулсан байна.


Санал асуулгын хүрээнд түүврийн аргаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогч бүхий 487 өрхийн суурин утас, 2043 гар утасны дугаар луу залгаснаас 421 өрхийн гишүүн, 646 гар утасны хэрэглэгчийн хариултад тулгуурлан дээрх дүнг гаргажээ. 

相关新闻