БНХАУ болон Мьянмар харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-19 15:32:50

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Ан Сан Су Читэй Бээжин хотноо уулзаж, хоёр талын харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэд пүрэв гарагт Бээжин хотноо  Ардын их хурлын танхимд уулзжээ.

Энэ оны гуравдугаар сард Мьянмар шинэ засгийн газартай болсноос хойш АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн бус анхны улсдаа Ан Сан Су Чи айлчилж байгаа нь энэ юм. Түүний таван өдрийн албан ёсны айлчлал энэ лхагва гарагт эхэлсэн билээ.

Талууд Эрчим хүчний яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс эхлээд түр түдгэлзүүлээд байгаа усан цахилгаан станцын төслийг үргэлжлүүлэхийн тулд илүү дорвитой арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Ан Сан Су Чи хэлэхдээ “манай шинэ Засгийн газар БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд АСЕАН болон Хятад улс хоорондын харилцаа цаашид бэхжинэ гэдэгт найдаж байна” гэжээ.

БНХАУ бол Мьянмарын хувьд хамгийн чухал худалдааны түнш бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын гол эх үүсвэрүүдийнх нь нэг юм.

Мьянмартай зогсонги байдалтай байгаа харилцаагаа сайжруулж, АСЕАН-д нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Ан Сан Су Читэй Хятад улсын тал илүү нягт харилцаатай болохыг хүсч байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

相关新闻