ӨВӨРХАНГАЙ: Үзэсгэлэн худалдаагаар хоёр өдөрт 40-өөд сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-28 16:37:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өвөрхангай Түншлэл – Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн 21 дэх жилдээ болж байна.


9 дүгээр сарын 26-30 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгаас гадна Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл, Өмнөговь аймгийн 70 гаруй бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож байна. Эх нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан үржил шимт төмс, хүнсий ногоо, органик хүнсний бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, үндэсний хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, ган хийцийн сав суулга гэхчлэн олон төрлийн эд зүйлийг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж, одоогоор 40 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байна.




“Жил бүрийн намар болдог уг үзэсгэлэнгээр Өвөрхангайнхан бид юу хийж чаддаг, юу хийх боломжтой вэ гэдгийг харуулж, туршлага судлах, орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой байдаг. Энэ жил ковидын дараах үндэсний үйлдвэрлэлд сэргэлт авчрах, бизнесийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахаар таван өдрийн турш зохион байгуулж байна” хэмээн ХАҮТ-ын дарга Б.Ууганбаяр хэллээ.




“Энэ жилийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа, Мөн 80 хувийн хөнгөлөлттэй үрийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг арга хэмжээг авсны үр дүнд төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тариалах иргэдийн тоо нэмэгдсэн” хэмээн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэлэв. Өвөрхангай аймгийн тариаланчид аймгийнхаа хүн амын хэрэгцээг төмсөөр 100, хүнсний ногоогоор 30 хувь хангаж байна.


Үзэсгэлэн худалдааны үеэр “Гүүтэй айлын гүзээтэй хүү”, “Дэмбээ мэдэх үү хө”, аймгийн аварга шалгаруулах “Сээр цохих тэмцээн”, загварын шоу зэргийг зохион байгуулж байна. 



相关新闻