ДОРНОД: Хатуулаг ихтэй ус иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх эсэхийг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын хүн амын дунд ундны уснаас шалтгаалсан өвчлөл байгаа эсэх, хатуулаг өндөр буюу зэвтэй, төмөрлөг ихтэй ус хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийж байна.
Дорнод аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газрын саналаар Анагаах ухааны Үндэсний хүрээлэнгээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний ажилтнууд арав хоногийн томилолттойгоор Дорнод аймагт ажиллаж, Хэрлэн сумаас 200 өрх, Цагаан-Овоо, Чойбалсан сумаас 200 өрхийг судалгаанд хамруулан харьцуулалт хийх юм.
АУҮХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганчимэг: "Зэвтэй ус хүний биед ямар өөрчлөлт өгдөг, түүнийг илрүүлэх асуултууд судалгаанд багтсан. Хоол боловсруулах, элэг, зүрх судасны өвчлөл нь мөн өөр шалтгаанаар үүсдэг тул уснаас шалтгаалж байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг судалгаанд үндэслэн гаргана" гэв.
Нийт 400 өрхөөс авсан асуумжид статистик боловсруулалт хийж, 12-р сар гэхэд судалгааны дүнг танилцуулахаар төлөвлөж байна. Өмнө нь Чойбалсан хотын төвлөрсөн шугам сүлжээний усанд хоёр удаа хэмжилт хийхэд төмрийн агууламж байх ёстой хэмжээнээсээ өндөр гарч байжээ.