“Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь” гурван боть бүтээл уншигчдад хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-16 18:33:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөдөр болж буй “Үндэсний номын баяр”-ын өдрийг тохиолдуулан ШУА-иас “Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь” 3 боть бүтээлээ хэвлүүлж уншигч түмэндээ бэлэг барьж байна.


Эл бүтээл нь байгаль, нийгмийн орчин үеийн төлөв байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, цаашдын чиг хандлага, болзошгүй өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны олон сурвалжит мэдлэг, туршлага, таамналыг агуулсан цогц бүтээл юм.

Тус бүтээлийг 2013 онд НҮБ-ын ЮНЕСКО болон Англи улсын Иолсс хэвлэлийн компанийн зөвшөөрлөөр англи, орос хэлнээс орчуулан хэвлэх эрхийн дагуу монгол хэлнээ хөрвүүлэх ажил эхэлжээ.


1995-2002 онд дэлхийн 100 гаруй орны 600 гаруй эрдэмтэн судлаачийн 7 жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтээсэн уг бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэх ажилд академич, эрдэмтэн судлаач, орчуулагч, эмхэтгэгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10-аад жил  зарцуулжээ. Тодруулбал, 2016 онд  I боть, 2017  онд  II боть, 2021 III ботийг орчуулж, редакторлож дуусгасан байна.


I боть нь 5 бүлэг, 48 зүйлээс бүрджээ. Тус бүтээлд газар ба агаар мандал, математик, биологи ба анагаах, нийгэм судлал ба хүмүүнлэг, физик ба техник гэсэн шинжлэх ухааны үндсэн салбар, тэдгээрийн судалгааны чиглэлүүдийн хүрээнд буй болсон нээлт, туршилтууд, орчин үеийн ойлголт, тулгамдсан асуудлыг багтаажээ.


II боть нь бүлэг, 55 зүйлээс бүрдэж байна.  Химийн шинжлэх ухаан, ус ба усны инженер, эрчим хүч ба эрчим хүчний инженерийн тухай ухаан, хүрээлэн орчин, экологийн шинжлэх ухаан, нөөц баялагтай холбоотой үндсэн асуудлыг багтаасан Шинжлэх ухааны янз бүрийн салбарууд хоорондын холбоог илрүүлэх, тэдгээрийн харилцан хамаарлыг тогтоох, амьдралыг тэтгэх системүүдийн орчин үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай салбар дамнасан шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийгэмд ойлгуулахад чухал үүрэгтэй бүтээл юм.


III боть нь 7 бүлэг, 52 зүйлтэй. Тогтвортой хөгжлийн техникийн ба хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн нөөц, хүн, байгаль, эдийн засаг, институтийн болон дэд бүтцийн нөөц, технологи, мэдээлэл, удирдлагын тогтолцооны нөөцийн хүрээний бодлого, зохицуулалтын асуудлыг тоймложээ. Өнөөгийн хөгжил дэвшлийн түвшний тухай төсөөлөл өгч, амьдралыг тэтгэгч тогтолцооны бүхий л хүрээнд, түүний дотор хүн төрөлхтний оршин тогтнолын тухай шинжээчдийн санаа бодол, судалгаатай танилцуулж буй ХХI зууны мэдлэгийн суурь гэж үзэж болно.


“Тогтвортой хөгжлийн тухай мэдлэг” цогц бүтээлийг монгол хэлэнд орчуулах ажилд ШУА-ийн хүрээлэн, судалгааны төвүүдийн төлөөлөл, шинжлэх ухааны холбогдох салбар, чиглэлийн тэргүүлэх эрдэмтэд, судлаачид оролцож, асуудлыг судалж, хянан шинжилж, орчин цагийн монгол хэлний, түүний дотор эрдэм шинжилгээний зохиолын найруулга зүйн зарчимд нийцүүлэн, бүтээжээ. 


Ул бүтээлийн нээлтийн үеэр тус номд ажилласан орчуулагч, редактор эрдэмтэн судлаачдад номыг дээжийг гардуулж өглөө. Энэ үеэр  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “ЮНЕСКО-гийн 141 боть тайлбар толиос хамгийн түгээмэл ач холбогдолтой гэсэн хэсгийг түүж аваад “Амьдралыг тэтгэх тогтолцооны нэвтэрхий толь” гэж энэ 3 ботийг  ЮНЕСКО-гоос гаргасан байдаг. Энэ 3 боть яагаад чухал вэ? гэхээр  хүн төрөлхтний XX зуунд бий болсон мэдлэгүүд дотроос урт хугацаанд хуучрахгүй гэсэн  тэр хэсгийг түүж аваад энэ бүтээлийг гаргасан. Гурван ботийн агуулгад зөвхөн биологи биш нийгэм эдийн засгийн суурь мэдлэгүүд бүгд орсон. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хүртэл орсон байдаг. Нөгөө талаас суурь шинжлэх ухааны мэдлэг, математик, физик, химийн  суурь онолууд бүгд орсон. Тэгэхээр амьдралыг тэтгэх тогтолцоо гэдэг нэлэнхүйд нь аваад үзвэл хүн төрөлхтний бий болгосон нийт суурь мэдлэг нийлж байж манай гариг дээр амьдралыг тэтгэж авч явах юм байна гэсэн үзэл санаагаар гарсан ном юм” хэмээн номын талаар товч тайлбарлав.    



相关新闻