МОНЦАМЭ агентлаг үндэсний номын баярын мэдээллийн түншээр ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Илүү их
уншъя" уриан дор 32 дахь удаагийн номын баяр төв талбайд
нээлтээ хийлээ.
Энэ удаагийн номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг албан ёсны түншээр ажиллаж байна.
Одоогоос 101 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.
Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.
Номын баярт тус агентлагийн уран бүтээлчид жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай.
Тухайлбал, СГЗ, судлаач Ч.Эрдэнэ “Мэдээний машин”, "Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд", “Нөхөн сонгууль болохгүй”, “Хагас жарны нийтлэлүүд”, “Сонгодог монгол бичгийн үзгийн хичээнгүй тиг”, “Хүмүүн бичиг” сонины сурвалжлагч Б.Хандмаа “Монгол соёлын амин хэлхээ” ном болон МОНЦАМЭ агентлагийн үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн түүвэр, Орон нутгийн сурвалжлагчдын “Давтагдашгүй ховор нандин үзмэрүүд” зэрэг бүтээлээ дэлгэжээ. Номын баяр гурав хоног үргэлжилнэ.