Цагдаад буудуулан амиа алдсан хар арьст залуугийн ар гэрт 4 сая доллар төлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. Цагдаад буудуулан амиа алдсан хар арьст иргэн Акай Герли-гийн ар гэрийнхэнд Нью-Йорк хотын эрх баригчид 4 сая долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Хохирогч талыг төлөөлөн шүүх хуралд оролцсон Скотт Рынецки-гийн ярьснаар, нөхөн төлбөрийн хэмжээ 4,1 сая доллар болжээ. Энэ мөнгийг талийгаачийн дөрвөн настай охиныг насанд хүрэх үед нь түүний дансанд шилжүүлэх аж. Түүнээс гадна, Герли-гийн охин болон ээж нь Нью-Йорк хотын Нийтийн аж ахуйн газраас 400 мянган долларын нөхөн төлбөр авах юм. Харин хүний амь хөнөөсөн буруутай этгээд болох цагдаагийн ажилтан Питер Лианг хохирогч талд 25 мянган доллар төлөх ажээ.
Эмгэнэлт хэрэг явдал 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон байна. Хойд Бруклин дахь нэгэн байшингийн наймдугаар давхраас П.Лианг хамтран эргүүл хийж явсан цагдаагийн хамт бууж явах үед долдугаар давхрын шатан дээр 28 настай Акай Герли өөрийн найз бүсгүй Кимберли Баллингерийн хамт зогсч байв. Энэ мөчид Лианг буугаа гарган буудахад сум нь ойж Акай-гийн цээжинд тусчээ. Баллингерийн ярьснаар, цагдаагийн ажилтан буудахаасаа өмнө ямар ч анхааруулга өгөөгүй аж. Мөн хэрэг гарах үед байшингийн дотор огт гэрэлгүй харанхуй байжээ.
Лианг-ийг эхэндээ “санаатайгаар хүний амь хөнөөсөн” гэх үндэслэлээр буруутгаж байсан боловч хожим нь “анхаарал болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн” гэх зүйл ангиар шийтгэжээ. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйсан түүнд 5 жилийн тэнсэн харгалзах ял, 800 цагийн нийгмийн тустай хөдөлмөр хийх ял оноосон байна.
Д.Нямтулга