СЭЛЭНГЭ: Алтанбулаг боомтын шинэчлэлтийн ажил удаашралтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Алтанбулаг боомтод өнгөрсөн 7 хоногт 2 удаа ажиллалаа.
Эхний удаа өөрийн биеэр бодит байдалтай газар
дээр нь танилцаж, ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Харин 2 дахь удаагаа буюу амралтын өдөр чиг үүрэг бүхий
мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын багийг ажиллуулж нөхцөл байдлыг
үнэлүүлэн, алдаа дутагдлыг арилгуулах, засаж сайжруулах зорилготой ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хилийн үйлчилгээг
сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хөрөнгө оруулагч нь Азийн хөгжлийн банк.
Азийн хөгжлийн банкны 6.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр энэхүү төсөл
хэрэгжиж байгаа юм.
“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн
банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн
хүрээнд:
-Зорчигч тээврийн 19 барилга,
-Ачаа тээврийн 18 барилга байгууламж,
-Дэд бүтцийн 5 барилга
-Ногоон байгууламж 6000м2
-Иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг нэр бүхий ажлууд хийхээр
төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтөд
тусгагдсан ажлууд бараа материалын нийлүүлэлтээс шалтгаалж удаашралтай хийгдэж
байгааг гүйцэтгэгчид хэлж байлаа.
Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтын шинэчлэлтийн ажил ийнхүү
хугацаа алдсан, гүйцэтгэл чанар тааруу байгаад аймгийн Засаг дарга сэтгэл
дундуур байгаагаа илэрхийлээд “Ямар ч ажилд сэтгэл хэрэгтэй. Хийж байгаа ажлын
гүйцэтгэл бүхэн сайн байх ёстой. Энэ байдал тун хангалтгүй байна. Хугацаа
алдсан байж болно. Одоогийн ажлын явц чанартай байх учиртай” гэдгийг тодотгон
хэлж анхааруулав.
Алтанбулаг хилийн боомтын тусгаарлах зурвас бүхий авто замын ажлын явц
барилгын ажилтай харьцуулахад харьцангуй сайн байлаа.
Замын ажлыг “НКВ
ИНТЕРНЕШНЛ ХОЛДИНГ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд цементийн улмаас түр зогсолт
хийгээд байгаагаа танилцуулсан.
Аймгийн Засаг даргын зүгээс 60 тонн цементийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж
өгснөөр ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон.
Тус компани цементийн
тасалдал үүсэхгүй бол замын ажлаа 10-р сарын 15 гэхэд дуусгана гэв.
Хүйтэн сэрүүний улирал эхлэх гэж байгаа энэ цаг үед хилийн боомтоор
зорчих зорчигчид болоод тэнд ажиллагсдын орчин нөхцөл, цаашлаад боомтын үйл
ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангах нь анхаарах гол асуудал гэдгийг
аймгийн дарга онцоллоо.
Засаг даргын зүгээс өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй,
дотоод хэргийн яаманд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн
хүрээнд хийж байгаа ажлын явц байдлыг танилцуулан, цаашид бүтээн байгуулалтын
ажлыг үр дүнтэйгээр эрчимжүүлэн үргэлжлүүлэх
талаар байр сууриа
илэрхийллээ.
“Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил”-ын ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон Констракшн” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Цэлмэг очир констракшн” ХХК, “Хан Халдун” ХХК, “Хайберид” ХХК зэрэг компани ажиллаж байна.











