БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуур сумын 70 ойн барилдаанд Б.Серик түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум байгуулагдсаны
түүхт 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа энэ сарын 10, 11-ний өдөр боллоо.
Ойн баярыг тохиолдуулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн
Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Баван богдын бүргэдүүд"
дэвжээний бөх улсын заан Б.Серик, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын
харцага Н.Золбоо нараар манлайлуулсан 64 бөх зодоглосноос улсын заан Б.Серик
түрүүллээ.
Мөн улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, аймгийн арслан М.Аманбек, аймгийн харцага Д.Бейбит нар шөвгөрөв.
Энэ жил 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа Ногооннуур сумын талаар товч
дурдхад, 1937 онд Ачит нуурын хадлангийн их нөөцийг түшиглэн тус нутагт мал аж
ахуйн машинт станц байгуулагдаж байжээ. Станцад Бөхмөрөн, Цагааннуур, Алтанцөгц,
Жаргалант-Сагсай, Бахат, Булган зэрэг сумдаас олон иргэн ирж суурьшсан байна. Иргэдийн
тоо нэмэгдсэний дээр нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, засаг захиргааны шинэ
өөрчлөлтийн дагуу Цагааннуур сумын 4, 5, 6, 8, 10, 11 дүгээр багуудыг
тусгаарлан 1952 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 7 баг, 580 өрх, 2916 хүн ам, 42,7
мянган малтайгаар Ногооннуур сумыг үүсгэн байгуулжээ.
Нийслэл Улаанбаатар хотоос 1980, аймгийн төв Өлгий хотоос 110 км зайд Ачит
нуурын баруун хойд тал Бөхмөрөн голын хөвөөнд оршдог тус сум нь эдүгээ хүн амын
тоогоор /8,1 мянга/ аймагтаа гуравт, малын тоогоор хоёрт /250 мянга/ ордог.
Ногооннуур сум нь аймгаа хадлан тэжээлээр хангадаг хадлангийн бүс нутаг юм. Мөн Асгатын мөнгөний орд, Бахлаг, Улаан уулын вольфрам, Дулаанхарын полиметалл, Борхогийн зэс зэрэг ордуудтай, газрын хэвлий нь ашигт малтмалаар баялаг тул ирээдүйд уул уурхайн бүс нутаг болон хөгжих бүрэн боломжтой хэмээн судлаачид үздэг юм.