БАЯН-ӨЛГИЙ: “MJS tower”-ийг улсын шилдэг барилгын нэгээр шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын хот байгуулалтын хөгжлийн яамнаас “Шилдэг барилга”-д өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааг Барилгачдын өдрийг тохиолдуулан энэ сарын 1-ний өдөр 18 дахь удаагаа зохион байгуулсан.
Тус үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын албаны хүмүүс оролцож, нийслэл хот, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан шилдгийн шилдэг 1, шилдэг 10 бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нарт шагнал гардуулсан юм. Уг жагсаалтад Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв талбайн хажууд барьсан "MJS Tower" барилга багтсан байна.
Шилдэг барилгыг шалгаруулахдаа хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер, интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн аж. Шагналыг "MJS Tower"-ийн хөрөнгө оруулагчдын нэг, УИХ-ын гишүүн асан Д.Мурат хүлээн авсан байна.
Тус барилгын захиалагч "Бериктөрт"» компанийг 2013 онд “Эрчимбаян өлгий” хувьцат компанийн үүсгэн байгуулагч Д.Мурат, ”Рысжан” компанийн захирал Х.Жангавал, “Баян Цамбагарав” компанийн захирал Саясат нар үүсгэн байгуулжээ. Улмаар хамтын хөрөнгөөр "MJS tower"-ийг барьж, 2020 оны 1 дүгээр сарын 28-нд ашиглалтад хүлээн авсан
байна.
Өндөр зэрэглэлийн ангиллын 10 давхар, зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга нь ашиглалтад орсон цагаас Өлгий хотын нүүр царай болж, иргэд тохилог цэвэр орчинд амрах, үйлчлүүлэх таатай нөхцөл бүрджээ. Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг 4,2 тэрбум төгрөг бөгөөд барилгыг барих хугацаанд орон нутагт 250 орчим хүнийг түр ажлын байраар хангасан ажээ.