Боловсролоо экспортлох анхны алхам эхэлж буйг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС 80 дахь хичээлийн жилийнхээ нээлтээр гадаад оюутан, эрдэмтэн багш нараа хүлээн авч уулзан сургуулиа танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нарын албаныхан оролцов.
Тус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. Энэхүү англи хэлний хөтөлбөрт 80 монгол оюутан суралцдаг. Эдгээр оюутанд монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АШУҮИС-ийн оюутан, багш нарт хандан хэлсэн үгэндээ англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь боловсролоо экспортлох анхны алхам болж буйг онцлон дурдлаа.

