СЭЛЭНГЭ: Эцэг эхчүүд хүүхдэдээ туслах гээд хөгжлийг нь саатуулаад байгаагаа мэддэггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-02 14:32:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р баг нь айл өрх олонтой, төвөөсөө зайдуу, том баг гэдгээрээ онцлогтой. Гэвч тус баг дээр хүүхдийн цэцэрлэг байдаггүйгээс үүдэн бяцхан иргэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй асуудал дагуулсаар ирсэн юм. Ингээд өнгөрсөн хичээлийн жилд тус баг дээр шинээр цэцэрлэг барьж, үүд хаалгаа нээснээр багийн бяцхан иргэд гэртээ ойр байрлах, өөрийн багийн харьяаллын цэцэрлэгтээ явах нөхцөл бүрдсэн. Тус цэцэрлэгийг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Намираатай ярилцлаа.


-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ цэцэрлэг маань 2 дахь жилдээ бяцхан иргэдээ хүлээн авч байгаа юм байна. Өнгөрсөн жил хэрхэн ажилласан талаараа яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Өнгөрсөн хичээлийн жилд Боловсрол шинжлэх ухааны яамнаас “Хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах. Амжилттай суралцахад бүх талын хамтын ажиллагаа оролцоог хангаж, хичээл сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах” гэсэн зорилго дэвшүүлсэн.

Манай цэцэрлэг Сүхбаатар сумын Салхит 3-р багийн 2-5 насны 195 хүүхдэд  сургуулийн өмнөх боловсрол олгосон. Тэдэн дунд маань малчны 2, хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийг хамруулан сургасан байгаа. Бидний өнгөрсөн хичээлийн жилд маш их сэтгэл зүтгэл гаргасан томоохон ажлуудын нэг бол бага насны хүүхдийн сурч хөгжих сургалтын таатай орчныг стандартын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх явдал байлаа. Тэр тусмаа шинэ байгуулсан болохоор хийх ажил маш их байсан. Ингээд бид цэцэрлэгийнхээ гадаад, дотоод орчныг тохижуулахад анхаарч ажилласан. Энэхүү үйл ажиллагааг явуулахад УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр БШУЯ-аас 53.0 сая төгрөгийн гал тогооны хэрэгсэл, тавилга тоног төхөөрөмж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 20.0 сая төгрөгийн гадаад тоглоомын тохижилт, аймгийн Засаг дарга асан Ш.Оргил 15.0 сая төгрөгийн зөөлөн эдлэл,  БШУГ-аас 7.8 сая төгрөгийн техник хэрэгсэл, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 3.4 сая төгрөгийн гал тогооны хэрэглэл, Дэлхийн Зөн ОУБ-аас 4.0 сая төгрөгийн ус шүүгч жижиг хэрэглэгдэхүүн зэргийг тус тус өгсөн. Энэ бүхэн бид бүхний үйл ажиллагаанд маш их дэмжлэг болж, тохижилтод томоохон хөрөнгө оруулалт болсон.

Мөн манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгын дагуу “Бүх нийтээр мод тарих”, “Нэг тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд амжилттай оролцож, хүүхэд багачуудынхаа эрүүл эко орчныг бүрдүүлэн ажилласан. Энд Сүхбаатар сумын ЗДТГ-аас 12 ширхэг нарс, мөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан төрөл бүрийн жимсний болон гоёлын мод тарьж цэцэрлэгтээ багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Энэ их хүчин чармайлтын үр дүнд Сүхбаатар сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Цэмцгэр Сүхбаатарчууд-Ногоон хөгжлийн төлөө” уралдаанд манай цэцэрлэг “Тэргүүн” байр эзэлж, дурсамж үнэ бүхий зүйлээр шагнуулсан. Мөн сая 2022 оны 8 дугаар сард Сүхбаатар сумын ЗДТГ-аас 15.0 сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Бид үүгээр хүнсний агуулах болон машины зогсоол, замын тэмдэг тэмдэглэгээ хийхээр төлөвлөж байгаа.

-Хүүхэд багачууд руугаа чиглэсэн ямар үйл ажиллагааг зохион байгуулав?

-Хүүхэд багачууд таны хэн болох, хэр ухаалаг, шударга сэтгэлтэй, бүтээх үзүүлэлт өндөртэй иргэн байхаас Монгол орны хувь заяа шалтгаалах болно. Иймээс Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулахын тулд олон олон ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Дэлгэцийн донтолтоос сэргийлж эрүүл мэндээ хамгаалцгаая” аяны хүрээнд олон ажлыг зохион байгуулсан. Энд Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “АХА” оюун ухаан, мэдлэг сорих уралдаан тэмцээн. Мөн “Гэр бүлээрээ утасгүй цаг” нөлөөллийн арга хэмжээ болох “Хамтдаа хөгжилдье” хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулсан. Манай 6 бүлгийн 128 эцэг эх хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсон. Хүүхдэдээ цаг зав гаргах, хүүхдээ хөгжүүлэх, хүүхдээ сонсох, хамт спортоор хичээллэх гэх мэт зөв зан үйлийг уриалан хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлсэн байгаа. Энэхүү үйл ажиллагаанд Б.Ариунжаргал багштай “Бага А” бүлэг I-р байрт шалгарч, шилжин явах цомын эзэн болсон. Удаах байруудад С.Оюунтүлхүүр багштай “Ахлах А” бүлэг, Б.Золзаяа багштай “Дунд А” бүлэг тус тус шалгарсан. Мөн тус аяны хүрээнд явуулын самбар “Богцтой багачууд үзүүлж байна” үйл ажиллагааг, Дэлгэцийн донтолтоос сэргийлж, гэр бүлийн анхаарлыг нэмэгдүүлэх зорилгоор “Надад цаг гаргаач” сэдвээр туслах багш нарын жүжигчилсэн тоглолтыг тус тус зохион байгуулсан.

-Олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлах болон бусад байгууллагатайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна?

-Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулсан “Үндэсний бичиг үсэг, өв соёлоо эрхэмлэгч байгууллага” шалгаруулах аянд оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу эх хэлээ эрхэмлэх, дээдлэх, судлах зорилго бүхий энэ аянд манай Ж.Сувд-Эрдэнэ, Б.Золзаяа, С.Оюунтүлхүүр нар оролцож, байгууллагын зөв цэвэр бичигтэн, тод түргэн уншигч, уран бичигтэн болсон байгаа. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд “Эрдмийн баяр” тайлант өдөрлөг зохион байгуулсан. Үүгээр эцэг эхчүүддээ юу сурсан мэдсэнээ тайлагнаж, өдөр тутам идэж хэрэглэдэг эрүүл хоол хүнснээсээ амтлуулсан. Мөн цэцэрлэгээ төгсөөд, сургуульд элсэн орж буй төгсөгчдөдөө “Батламж” гардуулах үйл ажиллагааг явуулсан.

- Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд хэрхэн анхаарч байна?

-Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цэцэрлэгийн нийт 6 бүлгийн 120 хүүхдийг “Эмнэх баг”-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн үзлэг хийсэн. Ингэхэд шүдний өвчлөл 67 хүүхэд буюу үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 34 хувийг эзэлж байсан. Мөн 131 хүүхдийн өсөлтийн судалгааг шинэчлэн хийж, жингийн алдагдалтай 8 хүүхдээ олж тогтоосон. Ингээд эцэг эхчүүдэд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх талаар зөвлөгөө өгч, мөн 156 хүүхдийг А витаминд хамруулж, ариутгал халдваргүйтгэлийг цаг тухай бүр мэргэжлийн байгууллагаар хийлгэж ажилласан. Энэ ажлаа энэ жил бас үргэлжлүүлэн хэвшил болгон хийгээд явна.

-Шинэ хичээлийн жилийн бодлого, зорилтоо хэрхэн төлөвлөв?

-2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол шинжлэх ухааны яамнаас хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих. Боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, сурах тэгш боломжийг бүрдүүлэх. Цаашлаад хувь хүний онцлогт нийцүүлэн, сургалт үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах. Мөн хамтран суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх зорилго тавьсан. Мөн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, 5 настай хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургуульд суралцах бэлтгэлийг хангах. Хүүхэд бүр сургалтын байгууллагын орчинд айдасгүй, амар тайван суралцах, аливаа хэлбэрийн гадуурхал, дарамт, дээрэлхэлтээс ангид тэгш, хүртээмжтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх. Мөн хувь хүний онцлогт нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэх зэрэг 10 зорилт дэвшүүлсэн байгаа.

Сэлэнгэ аймгийн БШУГ-аас "Хүүхдийн болон багшийн бүх талын тасралтгүй хөгжлийг хангахад хамтран ажиллах" зорилго тавьж, нийт 5 зорилтыг дэвшүүлсэн. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, зөвлөх. Тэргүүлэх багшийн манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх. Багш бүр ажлын төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэх. Мөн 9 дүгээр сард аймгийн ИТХ-аар Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын 2032 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлуулахаар зорин ажиллаж байна. Энэ бүхнийг бид хэрэгжүүлж ажиллана. Манай цэцэрлэгийн хувьд дээд шатны байгууллагуудын зорилго, зорилтод нийцүүлж ажиллахаас гадна бага насны хүүхдийг амьдрах ухаантай, хэмнэж хайрлах соёлд сургах. Аливаа асуудлыг шийдвэрлэх, сонголт хийх чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх чиглэл рүү түлхүү ажиллана.

Бид 2022-2023 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 100 хувь монтессори сургалттай цэцэрлэг болох зорилт тавьж, “Монголын монтессори багш нарын холбоо” болон “Монтессори мэдлэгийг дэмжих төв”-тэй хамтран ажиллахаар болсон. Ингээд цэцэрлэгийн арга зүйчээр ахлуулан 6 бүлгийн багшийг ирэх 10 дугаар сараас эхлэн Монтессори багш нарын сургалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байна. 

-Танай цэцэрлэг энэ жил хэчнээн хүүхэд хүлээж авав. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдаж чадав уу?

-Сүхбаатар сумын 8 дугаар цэцэрлэг нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, Тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байгаа. Бид 2-5 хүртэлх насны 240 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор хүлээн аваад ажилдаа ороод байна. Сургалт бол хожмын амьдралд бэлтгэх төдий үйл явц биш. “Сургалт бол амьдрал өөрөө юм” гэдгийг эцэг эхчүүд санаж, хүүхдийнхээ үнэнч зөвлөгч, туслагч, дэмжигч байж, багш нарын хамтран зүтгэгч болж ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.

-Тэгэхээр танайх монтессори сургалттай цэцэрлэг болох зорилт тавьсан гэлээ. Энэ сургалтын онцлог хийгээд үр дүн юу байх. Яг ямар сургалтыг хэлээд байгаа талаараа тодруулж өгөхгүй юу?

-Монтессори сургалтын онцлог нь хүүхдийг өөрийнх нь хэмнэлээр хөгжүүлэхэд чиглэдэг юм байна. Анги танхим нь цэлгэр сайхан, амьдралтай ойрхон орчинг бүрдүүлэх ёстой юм байна. Монтессори гэхээр хүмүүс өөр зүйл төсөөлдөг гэнэ л дээ. “Миний гэр” Монтессори цэцэрлэгийн эрхлэгч Д.Баасанжав:"Хүүхэд өөрөө яг л бодит зүйлд дурладаг. Ерөөсөө л амьдрал дээр байгаа зүйлдээ дуртай байдаг. 6 нас хүртэлх хугацаанд хүүхдийн чадвар дадал, зан байдал төлөвшдөг. Монтессори сургалт нь хүүхдийг эрх чөлөөтэй, өөрөөр нь байлгадаг учир багаас нь монтессори арга зүйгээр сургаснаар хүүхэд илүү өөртөө итгэлтэй болдог" гэж ярьж байсан. Иймээс манай цэцэрлэг энэ сургалтыг хэрэгжүүлэхээр судалж байгаа. Ер нь эцэг эхчүүд бид хүүхдэдээ туслах гээд хөгжлийг нь саатуулаад байгаагаа мэддэггүй, туслах сэтгэлээр хорлоод байдаг юм байна л даа.  

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


相关新闻