“Хүйс толгойн бичээс"-ийг “Дэлхийн дурсамжийн олон улсын бүртгэл”-ийн жагсаалтад нэр дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлтийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд зарлиг гаргаж жил бүрийн 9
дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл
өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын
үндэсний зөвлөл ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан,
Монгол-брахми бичгийн олон улсын нийгэмлэгтэй хамтран уг номын нээлтийг зохион
байгуулав.
Хүйс толгойн бичээс нь монголчуудын бичиг үсгийн түүхийг даруй
600 жилээр урагшлуулсан бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа монгол хэлээр бичигдсэн
хамгийн эртний дурсгал юм. Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх
газраас олдсон энэхүү Монгол брахми бичиг бүхий дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь
“Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн
тэртээд хамаарна.
Энэхүү ном нь Хүйс толгойн бичээсний 1420 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол-Брахми бичгийн Олон улсын нийгэмлэг хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл юм.
Номын нээлтэд ХБҮЗ-ийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам хэлэхдээ, “Манай эриний 601 оны үеийн бичиг үсгийн дурсгал “Хүйс толгой бичээс-1”-нь 11 мөр, эртний монгол хэлээр брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор баримтат хадны бичээс-дурсгал юм. Энэ нь төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн гэдгийн шинэ нотолгоо болдог. “Хүйс толгойн бичээс”-ийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл санаачлан НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын “Дэлхийн дурсамжийн олон улсын бүртгэл”-ийн жагсаалтад 2023 онд нэр дэвшүүлэхээр ажиллаж байна” гэв.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, “Хүйс толгойн бичээс бол Монголын түүх, соёлын нууцыг хадгалан манай улсын нутагт оршин буй олон зуун, магадгүй олон мянган дурсгалын нэг юм. Үүнээс үзэхэд Монголын археологид ямар их боломж, нөөц байгаа нь төвөггүй ойлгогдох байх. Хүйс толгойн хөшөө одоогоор тахилын байгууламж хэмээн таамаглаж буй томоохон чулуун дарааст цогцолборын нэг жижиг хэсэг. Тиймээс цаашид энэ дурсгалын гол байгууламжийг малтан судалж, дурсгалыг цогцоор нь судлах шаардлагатай” гэв.
Номын нээлтэд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа, Шинжлэх ухааны доктор, Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан, Японы Отаны их сургуулийн багш, доктор, профессор Такаши Мацүкава, монгол судлаач Осава нарын эрдэмтэд, Ардын уран зохиолч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, судлаач Г.Аким, Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана нарын хүндтэй зочид оролцов.