Д.Амарбаясгалан: Төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ, “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зорилт болоод буй төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ярилцлаа. Төр, иргэний харилцааг ойртуулах, төр гаргасан бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг болох зэрэг дээр онцгой анхаарч байгаа.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан. Үүнд, 159 дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөхийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг энэ жилд гаргахаар болсон. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлан төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний үр дүнд энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268. 4 сая төгрөг хэмнэсэн байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын баг ажиллаж, хэрэгжилтийг шалгана” гэв.
Мөн тэрбээр, “Үүнээс гадна Засгийн газар иргэнтэйгээ илүү
ойр байх бодлогыг хэрэгжүүлнэ. Бидний тооцоогоор ойрын хоёр сарын дотор Ерөнхий
сайд, Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрд амьдарч байгаа иргэдийнхээ
санал бодлыг цаг минут тутамд хүлээн авдаг, түүнийг шийдвэрлэх үүрэг
чиглэлийг шат шатны албан тушаалтанд өгдөг болохын төлөө бид үйл ажиллагаагаа
зориулна. Монголын төр олон нийтээс ирж буй шүүмжлэлийг соргогоор мэдэрч, тэр
шүүмжлэлд дурдагдаж буй алдаа дутагдлыг богино хугацаанд засаж залруулдаг
байхын төлөө үндсэн үйл ажиллагаагаа зориулж ажиллана” гэв.