"Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” номд 8740 гаруй үгийг тайлбарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-08-25 13:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бодлогот баатар гүн сан” ТББ-аас “Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх”-ийг бүрэн эхээр бүтээсэн тухай мэдээлэв.


Энэхүү номыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй, тус салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Д.Болормаа нар эрхлэн хэвлүүлжээ.

Тус номыг өмнө нь гурван удаа хэвлэж байжээ. Харин энэ удаад хэвлэгдэж байгаа “Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх” номыг шинэ үсэгт буулгахдаа 100 жилийн өмнөх Цэнд гүнгийн орчуулгын үг үсгийг тэр хэвээр нь, орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэхдээ уг эхтэйгээ зөрөхгүй байх, мөн тухайн эхийн нэг ч үг үсгийг өөрчлөлгүйгээр буулгахыг зорьжээ.  Шинэ хэвлэлийг эрдэмтэд 2018 оноос хамтран 2022 оны 5 дугаар сард гурван боть болгон дуусгажээ.


Үүнээс гадна “Монголын нууц товчоон”-ы эх орчин цагийн монгол хэлнээ орчуулагдсанаас хойш өнгөрсөн 100 гаруй жилийн судалгааны ажлын ололт туршлагыг тусгасан шинжлэх ухааны зүүлт тайлбарыг хийсэн байна.


Иймээс уг номд давхардсан тоогоор 8740 гаруй үгийн тайлбар хийхдээ тайлбарлах үгсийг налуу үсгээр, хуучин монгол бичгээр бичсэн үгийг шинэ үсгээр галиглан бичиж ялгахын зэрэгцээ үгийн утгыг тайлбарлах болон буруу бичсэн үгийг зөв болгон засар зэргээр дэлгэрэнгүй болон хураангуй хоёр янзын тайлбар хаджээ.


“Монголын нууц товчоон” хэдий монгол эхээрээ олдоогүй ч гэсэн монгол хэлийг хятад ханз үсгээр галиглан бичиж тэмдэглэсээр бидний үед уламжлан иржээ. Энэхүү хосгүй бүтээл 700 жилийн дараа эх нутагтаа монгол үсгээр эргэн сэргээгдэж хэвлэгдэж байв. Уг хүндтэй ажлыг тухайн үеийн Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн яамны дэд сайд байсан Бодлогот гүн Цэнд хийж гүйцэтгэжээ.


1917 онд орчуулж дуусгасан “Монголын нууц товчоон”-ы сийрүүлэг, орчуулгын гар бичмэл одоо Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Дорно дахиныг судлах хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байна. Цэнд гүнгийн 1917 онд бичсэн энэхүү сийрүүлэг, орчуулга 80 жилийн дараа олны хүртээл болсон бөгөөд түүний охин түүхч Ц.Хандсүрэн уг гар бичмэлийг шинэ үсэгт буулган, гэрэл зургийн хамт “Цэнд гүн ба Монголын нууц товчоон” номыг хэвлүүлсэн бол “Цэнд гүнгийн хөрвүүлсэн Монголын нууц товчоон” номыг түүхч Ц.Хандсүрэн гуайн хүү, Цэнд гүнгийн зээ хүү Д.Начин эрхлэн гаргаж байжээ.


“Монголын нууц товчоон”-ы эхийг монгол бичгээр сийрүүлэн орчуулснаар эрдэм шинжилгээний зүүлт тайлбараар хангаж, үг бүрчлэн буулгаснаараа үнэ цэн нь оршиж буйг доктор, дэд профессор Д.Болормаа тодотгов.


Доктор, профессор Г.Билгүүдэй, “Миний биед уг зохиолыг монголын орчин үеийн уншигчдад хүргэж, түгээлт хүртээмжийг дээшлүүлэх оролдлого хийсний хувьд эрдэм шинжилгээний асар их ач холбогдолтой бүтээл боллоо гэж үзэж байгаа. Мөн Цэнд гүнгийн “Монголын нууц товчоон” хэмээх бүтээлийг шинэ үсгээр буулгах нь унших, танин мэдэх, түүхийг судлах, ерөөс монголын түүхийн талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй болоход үнэлж баршгүй боломжийг олгох учиртай” хэмээн онцлов.


Мөн тэрбээр, Цэнд гүнгийн орчуулга бол "Монголын нууц товчоон"-ыг дэлхийд анх удаа монгол бичгээр сэргээсэн ажил байсан. 1917 онд орчуулсан ажил олон нийтэд түгж чадаагүй.  Монгол нутагт зохиогдчихоод хятад үсгээр орж далдлагдсан байсан "Монголын нууц товчоон"-ы эхийг дахин монголоор сэргээж сийрүүлж бичсэн хүн бол Хөлөнбөөрийн Цэнд гүн гэж хүн байсан юм. Энэ ажлыг буриад эрдэмтэн Жамсраны Цэвээний хүсэлт даалгавраар хийсэн. 1917 онд Цэнд гүний бичсэн зүйлийг Цэвээн гуай хүлээж аваад тухайн үедээ хэвлүүлэх ажлыг хөөцөлдөж байсан боловч биелээгүй” гэв.


Тус номд Цэнд гүнгийн орчуулгын өнгө аясыг бүрэн хэмжээгээр үзүүлэх зорилгоор 100 гаруй жилийн өмнө бичсэн эхийн зарим үгсийн өвөрмөц бичлэгтэй үгс бүрийг зүүлт тайлбар хийж оруулжээ. 

相关新闻