Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-08-24 17:55:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэн 2014 оноос Олон улсын Түрэг академитай эрдэм шинжилгээний хамтарсан төслийг Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Шивээт Улаан, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Номгон зэрэг цогцолбор дурсгалууд дээр амжилттай хэрэгжүүлж байна.

 

2022 оны судалгааны ажлын хүрээнд Түрэгийн хаад язгууртны тахилын онгон Номгон цогцолбороос руни, согд бичээс бүхий гэрэлт хөшөөг шинээр нээн илрүүлсэн нь шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий чухал нээлтийн нэгд зүй ёсоор тооцогдож буй юм.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Кыдырали Дархан Куандыкулы Монгол Улсад айлчлан дурсгалт газартай биечлэн танилцсан. Түүнийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн нар хүлээн авч уулзаж, Монгол-Казахстаны хамтын ажиллагаа, үр дүнг өндрөөр үнэлэн, цаашид хэрэгжүүлэх олон талт ажлуудын талаар санал солилцов.

 

Уулзалтын үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.К.Кыдырали нар Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.К.Кыдырали олон жилийн хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг өндрөөр үнэлэн судалгааны багийн Монголын талын удирдагч, доктор (Ph.D), дэд профессор А.Энхтөрд Олон улсын Түрэг академийн Алтан медаль, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэнд Олон улсын Түрэг академийн мөнгөн медалийг тус тус гардуулсан байна.




相关新闻