ДАРХАН-УУЛ: “Шинэ сэргэлтийн бодлого- Тогтвортой хөгжлийн зорилго” форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-19 21:48:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Шинжлэх ухааны академи болон Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран “Шинэ сэргэлтийн бодлого- Тогтвортой хөгжлийн зорилго” форумыг Дархан-Уул аймагт хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө.


Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй уг Форумд оролцож буй яамдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, аймаг орон нутгийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, иргэд Дархан-Уул аймагт аж үйлдвэрийн кластеруудыг хэрхэн хөгжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зэрэг асуудлаар гарц шийдлийг хэлэлцсэн юм.


Шинэ сэргэлтийн бодлого тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймаг:

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цөлжилт хөрсний доройтолтой тэмцэх, ундны усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд “Ногоон Дархан-2032” дэд хөтөлбөрийг баталж 20,0 сая модыг тарьж ургуулахаар болсон. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, саарал усыг ашиглах, гол мөрөн булаг шандыг сэргээх хамгаалах, нуур цөөрөм үүсгэх хог хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгох ажлыг төлөвлөж байна.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжиж хүн амын хүнсний аюулгүй байдал, хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, атарын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болох ажлыг эхлүүллээ.


Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, зарим төрлийн тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагааны үнэлгээнд албан тушаалтны оролцоог бууруулах, цахим системийг нэвтрүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлуудыг төлөвлөн авлигагүй аймаг болох зорилтыг дэвшүүлэн Авлигатай тэмцэх дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ.


Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бий болгох, нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн Гангийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах, Дархан арьс шир боловсруулах цогцолбор болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг бодлогын яам агентлагтай хамтран хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь энэхүү арга хэмжээ болж буйг Дархан-Уул аймгийн Засаг дараг Б.Азжаргал онцоллоо.

相关新闻