Өвөлжилт хүндэрч болзошгүйг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭОБЕГ-аас ирэх өвөл цас их унаж, хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйг анхаарууллаа.
Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг нийт 15 аймгийн зарим сумдад зуншлага дунд, Дорнод аймгийн Баян-Уул, Дорноговь аймгийн Иххэт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Увс аймгийн Малчин, Цагаанхайрхан сумдад зуншлага тааруу байна. Иймээс өвс, тэжээлийн нөөцөө эртнээс бэлдэх шаардлагатай юм. Гол, мөрний усны түвшин нэмэгдэн үерлэсэн аймаг, сумдын хадлангийн талбай усанд автах, элс, шороо ихээр хуримтлагдсан байх магалалтай юм. Тиймээс хадлан, тэжээлээ бэлтгэхээсээ өмнө нь тухайн газраа сайтар судлах шаардлагатай хэмээн ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян хэллээ.
2016 он гарсаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон 17 удаагийн үерт гурван хүүхэд, нэг том хүн амиа алдаж, 196 гэр, байшин өртсөн байна. Түүнчлэн голуудын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас болж нийт 93 хүн амиа алджээ.
М.Дайриймаа
Гэрэл зургийг Т.Чимгээ