ИНЕГ-ын захирлууд Шри Ланка-д чуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 53 дугаар хурал Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын Коломбо хотноо боллоо.
Тус хуралд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Жил бүр зохион байгуулдаг уг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 51 орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцсон байна. Тус хурлаар өнгөрсөн онд зохион байгуулсан, 52 дугаар хурлаас хойш ICAO-аас хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэл, арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх асуудлууд, шинэ техник, технологи танилцуулах, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах 54 дүгээр хурлын бэлтгэл ажил, хурлын тов тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хурлын нээлтэд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, энэ удаагийн хурлын дэд даргаар сонгогдож, итгэл хүлээлгэсэнд нь талархал илэрхийлээд “Олон улсын байдал ээдрээтэй, харилцан ойлголцол, эв нэгдэл, хамтын ажиллагаа нэн чухал байгаа өнөөдөр, “Аюулгүй, найдвартай, байгаль орчинд ээлтэй нисэхийн тогтолцоог нийтээрээ дэмжин хөгжүүлэх нь” сэдвээр хэлэлцэх нь бүс нутгийн хувьд нэн чухал юм” гэв.
Ирэх онд 54 дэх хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийн бэлгэдэл бүхий тугийг энэ хурлын үеэр манай төлөөлөгчид албан ёсоор хүлээж авлаа. Ирэх оны наймдугаар сарын 7-11-нд Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлыг зохион байгуулна.
Энэ удаагийн хуралд агаарын навигацийн чиглэлээр дөрвөн мэдээлэл, хурал зохион байгуулахтай холбоотой нэг хэлэлцүүлэг бэлтгэн оролцсон. Ирэх жилийн хурлыг “Ази, Номхон далайн бүсийн орнуудын эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр зохион байгуулахаар батлуулжээ.
Д.Өлзий