Эрүүл мэндийн салбарынхныг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын ахалсан ажлын хэсэг Дархан сумын иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гос Хот”, “Түвшинхолбоо”, “Аминхолбоо”, “Гэрэлтэй”, “Мэдс Тоб” зэрэг таван өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажил байдалтай танилцав.
Эдгээр Эрүүл мэндийн төвүүд аймгийн удирдлагуудад сумынхаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаагаа танилцуулав. Эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Мөн цалин хөлс, эмч сувилагчдын нийгмийн асуудал тухайлбал орон сууц авахад хүндрэл учирдаг зэрэг тулгамдсан асуудал цөөнгүй байгаа тухай “Гос-Хот” Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд ярилаа.
Эдгээр асуудлууд дотроос эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж Өрхийн эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчний тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлж хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг боломж бололцоо, гадаадын зээл тусламжид түшиглэн бүрдүүлнэ гэж аймгийн Засаг дарга С.Насанбат хэллээ.
Б.Норовсамбуу