СЭЛЭНГЭ: “Цемент-Шохой” үйлдвэр орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудад цементийн тасалдал гаргахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-22 21:38:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар, "Цемент-Шохой" ТӨХК-тай хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурсан байна. Тус үйлдвэр нь Сайхан сум буюу Хөтөл хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг юм.  

Дээрх хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичигтээ хэд хэдэн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохирсон байна. Тодруулбал:

-Хөтөл хотын Хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу “Шинэ Хөтөл” суурьшлийн бүсийг бий болгох дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэх,

-Цемент Шохойн үйлдвэрийн 40 жилийн ойг угтан Хөтөл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “40 айлын амины орон сууц” төслийг хамтран хэрэгжүүлэх,

-Мөн Хөтөл хотын 40 жилийн ойг угтан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нийтийн орон сууц” төслийг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх,

-Сумын айл өрхийн байшин, амины орон сууц барих, барилгын материалын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор үйлдвэрийн үнээр цемент борлуулах "Гэрээт борлуулагч"-ийн цэг нээн ажиллуулахад хамтран ажиллах,

-Цемент Шохойн үйлдвэрийн технологийн шинэчлэл болон Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах,

-Хөтөл хотын өнөөгийн зах зээл, эдийн засгийн багтаамж, дэд бүтцийн хүртээмжийг оновчтой тодорхойлж, ирээдүйд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөтөл хотын Эдийн засгийн форум”-ыг хамтран зохион байгуулах зэрэг Сайхан сумыг хөгжүүлэх санал санаачлагууд тусгагдсан байна. 

Мөн түүнчлэн орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг зах зээлийн зохих үнээр цементийн тасалдалгүй ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ Цемент Шохойн үйлдвэрийн зүгээс амалсан байна.

相关新闻