Ж.Байден Саудын Арабын хунтайж, сайд нартай тусдаа уулзалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн гишүүд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд болон сайд нартай баасан гарагт тусдаа уулзалт хийнэ.
Ж.Байден Саудын Арабын хаан Сальман бин Абдель Азиз Аль Саудтай хоёр талын хэлэлцээ хийсний дараа угсаа залгамжлах хунтайжтай уулзана. "Ерөнхийлөгч болон түүний баг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман, сайд нартай ажлын хуралдаанд оролцоно" гэж Цагаан ордны мэдээлэлд дурджээ.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хэлэлцээнд мөн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд оролцох төлөвтэй байна гэж Цагаан ордон урьд нь мэдээлж байв.
Харин Америкийн удирдагч мэдэгдэхдээ, угсаа залгамжлах хунтайжтай уулзахаар Саудын Арабыг зориогүй гэж цохон тэмдэглэсэн. Цагаан ордон ч мөн уулзалтын үеэр Ж.Байден хунтайжтай гар барих эсэх талаарх асуултад хариулахаас зайлсхийж байсан юм.
Ж.Байден сонгуулийн кампанит ажлынхаа үеэр 2018 онд сэтгүүлч Жамаль Хашоггиг хөнөөсөн хэргийн улмаас Саудын Арабыг "дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан улс" болгоно гэж амласан билээ. Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашогги нь 2017 оноос АНУ-д амьдарч, “The Washington Post” сонинтой хамтран ажиллаж байжээ. Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр очсоныхоо дараа алга болсон юм. Мөн оны 10 дугаар сарын 20-нд Саудын Арабын эрх баригчид сөргөлдөөн үүссэний улмаас сэтгүүлч Жамаль Хашогги дипломат төлөөлөгчийн газрын байранд амиа алдсан гэж мэдээлсэн.
2021 оны хоёрдугаар сард АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын хэрэг эрхлэх газар Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн талаарх тайланг нийтэлсэн юм. Америкийн талын дүгнэлтээр бол Саудын Арабын хунтайж сэтгүүлчийг аюул занал гэж үзсэн учраас уг ажиллагааг биечлэн зөвшөөрсөн байна. АНУ-ын засаг захиргаа Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой Саудын Арабын 76 иргэнд визийн хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн. Харин Саудын Арабын эрх баригчид Вашингтоны дүгнэлтийг эрс няцаасан билээ.
Ж.Байден Саудын Арабад айлчлах үеэрээ сэтгүүлч Жамаль Хашоггиг хөнөөсөн хэргийн дараа муудсан хоёр орны харилцааг сэргээхээр төлөвлөж байна гэж “The New York Times” сонин урьд нь мэдээлсэн. Энэ удаагийн айлчлал мөн Украинд халдсантай холбогдуулан Оросыг тусгаарлахаар оролдож байгаа энэ үед нефтийн үнийг бууруулах зорилготой гэж тус сонинд бичсэн байна.
"Reuters" агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-д шатахууны үнэ нэмэгдсэнтэй, түүнчлэн Вашингтон Йемен дэх дайныг зогсоохыг эрмэлзэж байгаатай холбоотойгоор Ж.Байденд газрын тос үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орнуудын нэг болох Саудын Арабын дэмжлэг хэрэгтэй байгаа аж. Саудын Араб тэргүүтэй эвсэл саяхан Йеменд гал зогсоох хэлэлцээрээ сунгасан юм. АНУ мөн Ойрхи Дорнод дахь Ираны өсөн нэмэгдэж буй нөлөө, дэлхий дахинд Хятадын нөлөөг хязгаарлахыг хүсэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден үүрэгт ажилдаа орсноос хойш Ойрхи Дорнодод хийж буй анхны айлчлалаа лхагва гарагт Израил улсаас эхлүүлжээ. Тэрбээр мөн Иордан голын Баруун эрэг болон Саудын Арабад айлчлах юм. Жидда хотод АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын удирдлагатай хэлэлцээ хийж, Арабын орнуудын удирдагчидтай түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх зорилгоор хоёр талын уулзалт хийнэ.