СЭЛЭНГЭ: Н.Лхагвахүү: Шинэ хууль харваачдад маш том боломж олгосон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмын тухай хууль шинэчлэн батлагдсан нь харваачдад
маш том боломжийг олгосон байна. Тухайлбал өмнө нь үндэсний их баяр наадмаар эхний
гурван байрт шалгарсан харваачдад улс, аймаг, сумын цол олгодог байжээ. Тэгвэл шинэчилсэн
хуулиар 4, 5-р байрт шалгарсан харваачдад аймаг, сумын онч мэргэн, тод мэргэн
хэмээх цолуудыг олгож эхэлжээ.
Шинэчилсэн хуулиар олгосон энэхүү боломж нь шөвгийн наймд үлдсэн болон
залуу харваачдад шинэ цолтон төрөхөд, цаашид өсөн дэвжихэд нь маш их нөлөөтэй
болсон гэж Сэлэнгэ аймгийн Харваачдын холбооны тэргүүн Н.Лхагвахүү ярилаа. Энэ жилийн
аймгийн наадамд нийт 200 гаруй харваачид оролцож, үндэсний их баяр наадмын
тухай шинэчилсэн хуулийн хүрээнд өргөн дэлгэр сайхан наадлаа. Энэ ч хүрээнд
аймгийн хошой мэргэн, аймгийн мэргэн 2 төрөн гарсан байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн
наадмын урианхай сурын харваанд 60 гаруй харваачид оролцож онч мэргээ сорисноос
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харваач Ж.Эрхэмбаяр түрүүлж, урианхай сурын аймгийн
мэргэн цолны болзол хангажээ. Мөн буриад сурын харваанд эрэгтэй эмэгтэй хоёр
төрөлд 40 гаруй харваачид оролцлоо. Үүний эрэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ
аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны харваач Б. Энхболд буриад сурын аймгийн
мэргэн цолны болзол хангалаа. Харин эмэгтэй ангилалд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн
сумын харъяат аймгийн мэргэн Х.Жаргал түрүүлж, аймгийн хошой мэргэний болзол
хангажээ. Ингээд Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймаг байгуулаглсаны 90, 91
жилийн ойн их баяр наадмаар Сэлэнгэ аймагт аймгийн мэргэн 2, аймгийн хошой
мэргэн нэг төрөн гарлаа. Мөн бага нас, идэр насны өсвөрийн харваачдын ангилалд
18 харваач оролцож, Баянгол сумын харъяат, эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд аймгийн
өсөх идэр мэргэн цолын эзэд болжээ.