ОХУ, Турк харилцаагаа сэргээхээр тохиролцлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСАНКТ-ПЕТЕРБУРГ. /NHK/. Өнгөрсөн 11 дүгээр сард Туркийн цэргийнхэн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний улмаас муудаад байсан хоёр улсын харилцааг сэргээхээр тус хоёр улсын тэргүүн нар тохиролцлоо.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Санкт-Петербург хотод айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Туркийн цэргийнхэн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөс хойш тэд анх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Эрдоган өнгөрсөн зургадугаар сард Путинд илгээсэн илгээлтдээ 11 дүгээр сард болсон хэрэг явдалд уучлалт хүссэн байна.
Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путин, Туркт авсан эдийн засгийн хориг арга хэмжээг аажмаар цуцална гэж мэдэгджээ.
Харин Эрдоган, хоёр улс эрчим хүч, цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн тэд Сирийн иргэний дайныг зохицуулахад хамтран ажиллахаар тохиролцжээ.
Д.Нямтулга