Улаанбаатарын ус хангамжийг сайжруулахад хөрөнгө оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Бүсийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатема Зумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Гаалт, Мянганы сорилтын корпорацийн Хоёр дах компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, ГХЯ-ны холбогдох газрын төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр МСК-ын төлөөлөгчид хоёр дахь компакт гэрээний явцын талаар Ерөнхий сайдад танилцуулсан юм.
Мянганы Сорилтын корпораци нь Монгол Улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосон шийдвэр гаргасанд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудалд шинэ Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.
Монгол Улсын хувьд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай нэг асуудал бол Улаанбаатар хотын гэр хорооллын хөгжил, тэр дундаа гэр хорооллын иргэдийн усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудал. Иймд МСК-ийн зүгээс хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөрт хөрөнгө оруулах шийдвэр гаргасныг манай Засгийн газар талархан хүлээн авч, дэмжиж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.