Ерөнхий сайд үе үеийн Сангийн сайд нартай санал солилцов 

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-09 16:55:48

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Төрийн ордонд Засгийн газрын тэргүүнээр болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түшээд уулзалт хийж байна.

Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар болон Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд оролцож байна.  

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Монгол Улсын Засгийн газрын зүгээс өмнө нь энэ албан тушаалуудыг хашиж байсан хүмүүстэй уулзаж, ярилцахыг хүссэн юм. Та бүхний үнэтэй зөвлөгөө, зааврыг сонсох чухал шаардлагатай байна. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг өвгөдийнхөө сургааль үгийг бодолцож, та бүхэнтэйгээ санал бодлоо солилцох нь зүйтэй гэж үзэн өнөөдөр урьсан юм. Бид ямартаа ч эдийн засгийн судалгаа тооцоог үндсэндээ гаргаж дуусч байна. Өдөр бүр янз бүрийн асуудал ар араасаа гарч ирж байгаа учраас бага зэрэг хугацаа алдсан зүйл бий байх. Энэ бүхнийг  нөхөж ажиллах боломж бололцоо бидэнд бий гэж бодож байна" гэсэн юм.  

Ингээд сайд нарт "Монгол Улсын 2016 оны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал, 2017-2019 оны төсөөлөл"-ийн талаар танилцуулга хийв. Уулзалт Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд үргэлжилж байна.  

Н.Гантуяа

相关新闻