БАЯН-ӨЛГИЙ: Сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 6-9-ний өдөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн сумдын баяр наадмыг 7 дугаар
сарын 6-9-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг аймгийн Баяр наадмыг зохион
байгуулах хорооноос гаргалаа.
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг 7 дугаар сарын
10-13-нд орон даяар нэгэн зэрэг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар
шийдвэрлэсэн. Мөн эдгээр өдрүүдэд бүх аймаг наадмаа зэрэг зохион
байгуулах юм.
Баян-Өлгий аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороог аймгийн ЗДТГ-ын
дарга Б.Мухамедаар ахлуулан энэ сарын 24-ний өдөр байгуулсан. Хорооны нарийн
бичгийн даргаар ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Соёл
урлагийн газрын дарга К.Бекжан нар ажиллаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвлөмж, сумдын удирдлагуудаас гаргасан саналыг харгалзан
сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхлээр шийдвэрлэв.
Харин тэгш ой нь тохиож буй Буянт сум үүсгэн байгуулсны 80 жилийн ойн баярыг
ирэх сарын 22, 23-ны өдрүүдэд, Ногооннуур сум үүсгэн байгуулсны 70 жилийн ойн баярыг есдүгээр сарын
10, 11-ний өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоод байна.