Монголын спортын сэтгүүлчид "Рио-2016"-д алдраа мөнхжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-09 14:58:07

Хүн төрөлхтөний эв санааны бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмыг 10 болон түүнээс олон  удаа сурвалжилсан спортын 100 сэтгүүлчдийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ноос алдаршуулав.

Олимпоор "мэргэшсэн" 100 гаруй ган үзэгтнүүд  дунд Монголын хоёр спортын сэтгүүлч багтлаа.  МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан /Ото/ 13 дахь олимпийн наадамд эх орноо төлөөлөн ажиллаж байгаа бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар /Сато/-ын 10 дахь наадам нь Рио-гийн олимпийн наадам юм. Энэхүү хүндэтгэлийн ёслол нь Рио де Жанейрогийн Барра да Тижука дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д  болжээ.   

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо  /AIPS/ олимпийн наадмыг 10-аас дээш удаа газар дээр нь сурвалжилсан ахмад сэтгүүлчиддээ ОУССХ-ны албан ёсны хамтрагч HАNOV /Hanover компани/-ийн бүтээсэн олимпийн галт бамбарын загварыг гардуулж хүндэтгэл үзүүлэв.  The World of Sports Agency"-гийн Итали сэтгүүлч Жиулиано Бевилакуа нийт 25 олимпод /Зуны 13, Өвлийн 12/ ажилласнаараа бусдыгаа манлайлдаг бол "Sportinformation Si"-гийн Петер Фрей 24 /Зуны 12, Өвлийн 12/, ОУОХ-ны хүндэт гишүүн,  L’Equipe-н сэтгүүлч асан Алайн Люценфичтер 21 /Зуны 12, Өвлийн 9/ нар спортын сэтгүүлчдээ тэргүүлж байна. AIPS 2012 оны Лондонгийн олимпийн наадмаас хойш гурав дахь удаагаа 10 олимпийн амьд гэрч болсон сэтгүүлчдийн хөдөлмөр зүтгэлийг ийнхүү дэлхий дахинд алдаршуулав.

 М.Дайриймаа

相关新闻