Монголоос төрсөн 25 дахь олимпийн медальтнаар Д.Сумьяа тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-09 11:20:45

“Рио-2016” зуны олимпийн XXXI наадамд эмэгтэй жүдогийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа олимпийн мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын эмэгтэй жүдочдын анхны, нийт эмэгтэйчүүдийн 4 дэх, Монгол Улсын 25 дахь олимпийн медальтан тамирчин боллоо.

Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд төрсөн. Монгол Улсын гавьяат тамирчин. ОУХМ, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга билээ.Увсын Баруунтуруун сумын харъяат Д.Сумъяа нь ам бүл наймуулаа. Аав, ээж таван дүүгийн хамт амьдардаг. Аав Доржсүрэн нь хувиараа авто засварын газар ажиллуулдаг. Ээж Дэлгэрмаа  Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг.

Д.Сумъяа айлын том охин. Нэг эмэгтэй, дөрөв эрэгтэй дүүтэй. Увсын Баруунтуруун сумаасаа 2000 онд нүүж, Улаанбаатар хотод суурьшсан. 2006 онд анх жүдогийн “Монгол охид” клубт орсон юм. Анхны багш нь Базарсүрэн Эрдэнэбат.

Харин сүүлийн жилүүдэд Х.Эрдэнэт-Од багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж иржээ. Д.Сумъяа 57 кг-д барилддаг. Тэрбээр 160 см өндөр,“Хилчин” спорт хорооны тамирчин, ахлах дэслэгч цолтой.

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Засгийн газраас мөнгөн шагнал олгоно. 

Засгийн газрын тогтоолоор Олимпоос Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгодог. 

 

Д.Өлзий

相关新闻